Шууд Chart

Ерөнхий шүүгч Д.Ганзориг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдтай хамтын ажиллагааны талаар санал солилцов

2022-01-19 16:52:51

Уулзалтын эхэнд Ерөнхий шүүгч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн үзэл баримтлал, шүүхийн шинэчлэлийн үйл явцын талаар танилцуулсан юм. Тодруулбал, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал болон сахилга хариуцлагын тогтолцоо, шүүхийн ил тод байдлыг хангах чиглэлээр шүүхийн шинэчлэлийн бодлогын талаар мэдээлэл өглөө.

Элчин сайд Аксель Никэйз шүүхийн системийн үндэс суурь болдог хараат бус, ил тод байдал болон хариуцлагын тогтолцооны шинэчлэлд хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлээд Европын холбооны зүгээс олон улсын гэрээний хэрэгжилт, шүүгчдийн томилгоо, хууль буцаан хэрэглэх, хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтэд онцгой анхаарч байгааг танилцууллаа. Тэрбээр “Европын холбоо Монгол Улсын Засгийн газартай хамтран 2021-2027 онд хэрэгжүүлэх шинэ түншлэлийн хөтөлбөрөө баталсан. Тус хөтөлбөрт Монгол Улс дахь шүүхийн шинэчлэлд дэмжлэг үзүүлэх асуудлыг тэргүүлэх чиглэл болгосон. Шүүхийн хараат бус байдлыг хангах, ил тод байдлыг нэмэгдүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, хүний эрхийг хангах чиглэлд онцгой анхаарах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэсэн юм.

Монгол Улсын дээд шүүх Европын холбоотой дөрвөн чиглэлээр хамтран ажиллах саналтай байгааг Ерөнхий шүүгч онцоллоо. Тухайлбал, судалгаанд суурилсан мэргэшсэн шүүгч бэлтгэхтэй холбоотой Европын шүүхийн сургалтын төв болон ХБНГУ, Франц зэрэг улсын шүүхийн сургалтын байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Европын Зөвлөлийн “Шүүх засаглалын үр ашгийг дээшлүүлэх Европын комисс”-оос баталсан “Хиймэл оюуныг шүүхийн системд ашиглах болон холбогдох орчны талаарх Европын ёс зүйн тунхаг”-т заасан зөвлөмжийн дагуу хиймэл оюун ухааныг шүүхэд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр боловсруулах, бичих аргачлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ мөн илэрхийлэв. Ил тод, нээлттэй байдлыг хангах хүрээнд шүүх хуралдааныг шууд нэвтрүүлэх дэд бүтцийг бий болгох, шүүхийн шийдвэр боловсруулах, үндэслэлтэй байдлыг сайжруулах чиглэлээр гарын авлага, сургагч багш бэлтгэх, сургалтын систем бүрдүүлэхэд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнтэй  хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Элчин сайд Аксель Никэйз дээрх чиглэлүүдэд хамтран ажиллах бүрэн боломжтойг илэрхийлээд жендерийн тэгш байдал, иргэд болон иргэний нийгмийн оролцоог хангахад онцгой ач холбогдол өгөхийг хүсэв.

Уулзалтад Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг болон Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын зарим ажилтан оролцсон юм гэж Монгол Улсын дээд шүүхээс мэдээллээ.


Ерөнхий шүүгч Д.Ганзориг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдтай хамтын ажиллагааны талаар санал солилцов  
Үзсэн: 605 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй