Шууд Chart

Ротын бүрэлдэхүүний “гал гарсан” өрсөлдөөн болно

2022-05-18 13:42:10

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээний хамгийн олон тамирчинтай, ширүүн өрсөлдөөнтэй нэг төрөл нь Ротын бүрэлдэхүүн юм. 1991 оноос хойш тасраад байсан энэ төрлийг 2021 онд албан ёсоор сэргээснээс хойш хоёр дахь жилдээ Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлалын ротын дайчид цэргийн мэргэжлийн ур чадвар, бие бялдрын бэлтгэлжилт, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөх гэж байна.

Энэ жилийн тухайд ЗХЖШ, ХЗЦК, ТХЦК-аас өөр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас ротын бүрэлдэхүүнээ оролцуулна гэж бүртгүүлээгүй байна.

Зэвсэгт хүчний Жанжин штабын ротод Зэвсэгт хүчний 013, 310, 311 дугаар ангиудаас шалгарсан тамирчин дайчид багтсан бөгөөд 25 хувь офицер, 75 хувь нь ахлагч нар эзэлж байна. Дасгалжуулагчаар Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн ахлагч, тэргүүн ахлагч Б.Лхагвабаатар, ротын захирагчаар цэрэгжлийн спортын мастер, ахмад Б.Анхбаяр (013), ротын захирагчийн орлогчоор ахмад С.Алтангэрэл (310) нар ажиллаж байна. Бүрэлдэхүүний 10 хувь нь цэрэгжлийн спортын цол, зэрэгтэй бөгөөд дийлэнх нь олонх нь анх удаа оролцож байгаа тамирчин дайчид юм.

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын ротод Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 119, 186, 256, 326 дугаар ангийн шилдэг алба хаагчид багтсанаас 17 нь офицер, 70 нь ахлагчийн бүрэлдэхүүн юм. Дасгалжуулагчаар ХЗЦК-ын Цэргийн сургалт, соёл хүмүүжлийн хэлтсийн Биеийн тамир, спортын офицер, дэд хурандаа С.Энхтайван ажиллаж, ротын захирагчаар ахмад Б.Ариунболд (016), ротын захирагчийн орлогчоор ахмад Х.Анхбаяр (186) нар томилогдон, тамирчдынхаа бэлтгэл сургалтыг өглөө ургах нарнаас үдшийн бүрий хүртэл Тавантолгой дахь сургалтын төвийн их, бага хайрханы өвөрт явуулж байна. Тамирчдын 10 гаруй хувь цэрэгжлийн спортын цол, зэрэгтэй бөгөөд бусад ротын жишгээр залуу офицер, ахлагч нараар багаа бүрдүүлжээ.

Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын ротод Зэвсэгт хүчний 150, 330, 350 дугаар ангийн шилдэг тамирчин дайчид багтсан байна. Зэвсэгт хүчний болон Ерөнхийлөгчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээний сүүлийн жилүүдийн тэргүүлэгчдээс бүрдсэн энэ рот 10 гаруй офицер, 70 гаруй ахлагчтай. Дасгалжуулагчаар Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хошууч Э.Амартүвшин, ротын захирагчаар цэрэгжлийн спортын мастер, ахмад Б.Цээноров (350), ротын захирагчийн орлогчоор цэрэгжлийн спортын мастер, ахлах дэслэгч Х.Гантулга (330) нар ажиллаж байна. Тамирчдын дунд Олон улсын хэмжээний мастер 2, цэрэгжлийн спортын мастер 15, цэрэгжлийн спортын дэд мастер 1, цэрэгжлийн спортын I, II, III зэрэгтэй нь 8, нийтдээ 30 гаруй хувь нь тэмцээн, уралдаанд тэргүүлэгчид гэсэн үг. Бүрэлдэхүүнээрээ авч үзвэл 50-аас дээш хувь нь өмнө “Марш-тусгай бэлтгэл”-ийн цогцолбор тэмцээнд оролцсон туршлагатай тамирчид ажээ.

гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.


Ротын бүрэлдэхүүний “гал гарсан” өрсөлдөөн болно  
Үзсэн: 309 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй