Шууд Chart

Б.Жавхлан: Нисэх буудлын нэвтрэн өнгөрөх хурдыг нэмэгдүүлэх арга хэмжээг ойрын хугацаанд авч хэрэгжүүлнэ

2022-05-26 10:57:16

Сангийн Сайд Б.Жавхлан “Чингис хаан” олон улсын нисэх буудалд ажиллалаа. Өнгөрөгч ням гарагт олон улсын гурван агаарын хөлөг 10 минутын зайтай “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсанаас үүдэн зорчигчдын болон ачаа тээшний нэвтрэх хурд саарч, иргэдэд багагүй бухимдал үүссэн. Асуудал юунаас үүсэв. Дахин ийм нөхцөл үүсэхэд нисэх буудлын үйлчилгээ бэлэн үү гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан газар дээр нь үзэж танилцан, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын зураг төсөл хийгдэх үед олон улсын зорчигч тээврийн ачаалал харьцангуй бага, жилдээ 500-600 мянга байсан. Одоо энэ тоо гурав дахин нэмэгдсэн. Зорчигч урсгал нэмэгдэхийн хэрээр нисэхийн үйлчилгээ тэр хэмжээнд таарсан үйлчилгээ үзүүлэх шаардлагатай болсон юм.

Сангийн Сайд Б.Жавхлан “Олон улсын жишгээр ирэгчдийн зорчигч урсгал нисэх буудлыг нэвтрэн өнгөрөх хугацаа ойролцоогоор 45 минут, явагчдын нэвтрэн өнгөрөх хугацаа 1 цаг байдаг юм байна.  Манай улсын хувьд ердийн үед энэ хугацаанд зорчигч, ачаа тээшээ нэвтрүүлж чадаж байгаа ч 720-оос дээш зорчигч буухад нэвтрэн өнгөрөх хугацаа 1 цаг 30 минут болж байгааг сая албаныхан хэллээ.  Үүнийг аль болох богино хугацаатай байлгах зохион байгуулалтын арга хэмжээг ойрын үед авч хэрэгжүүлнэ” гэлээ. Тэрбээр мэргэжлийн хяналт, хил гааль, иргэн харьяатын байгууллагууд хүн хүч болон хяналт шалгалтын рентген төхөөрөмжүүдийнхээ тоог нэмэгдүүлэх, мөн манай улсын иргэд цахим гарцаар хурууны хээгээ уншуулаад гардаг төхөөрөмжийг хүртээмжтэй байлгах зэрэг арга хэмжээг ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх чиглэлийг холбогдох албаныханд өглөө. Мөн хилийн хяналтын байгууллагуудад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж, техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхийг хэлсэн юм.

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан “Нислэгүүдийн давхардал үүсч, хөөрөх буух хугацаа давхардсан асуудал үүссэнээс хойш ИНЕГ болон холбогдох төрийн байгууллагууд, газрын үйлчилгээний компаниуд зохион байгуулалтдаа өөрчлөлт оруулж, илүү сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Зорчигчдыг аль болох тав тухтай байлгаж, нисэх буудлыг нэвтрэн өнгөрөх урсгалын хурдыг нэмэгдүүлэх ажлуудыг хийж байна.

Мөн ИНЕГ-аас төрийн хяналтын байгууллагууд, агаарын тээврийн компаниудтай хамтраад нислэгийн цагуудыг давхардуулахгүй байх ажлыг судалж, хэлэлцээд явж байна” гэлээ.

Энэ зун аялал жуулчлалыг дэмжих, зорчигч урсгалыг нэмэгдүүлэх Засгийн газрын бодлогын хүрээнд Иргэний нисэхийн салбар зохион байгуулалтын олон арга хэмжээг авч ажиллаж байна. Тухайлбал, “МИАТ” ТӨХК газрын үйлчилгээний тоног төхөөрөмж болон хүн хүчээ мөн нэмэгдүүлж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир хэллээ.

Эх сурвалж: Иргэний нисэхийн ерөнхий газар


Б.Жавхлан: Нисэх буудлын нэвтрэн өнгөрөх хурдыг нэмэгдүүлэх арга хэмжээг ойрын хугацаанд авч хэрэгжүүлнэ  
Үзсэн: 301 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй