Шууд Chart

Энхийг сахиулагч генерал, гавьяатуудын уулзалт болов

2022-05-27 08:30:11

Манай улсад олон түүхт ойн баяр тохиож буйн дотор даян дэлхийн энх амгалангийн төлөөх ариун үйл хэргийн эхлэлийг тавьсан төр, цэргийн зүтгэлтнүүд, дипломат ажилтнууд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид, хилийн чанадад эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн болон өдгөө гүйцэтгэж буй энхийг сахиулагчдын хувьд түүхт 20 жилийн ойн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэж байна.

Уг ажлын хүрээнд энэ сарын 26-ны өдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд энхийг сахиулагч генералууд, гавьяатууд болон энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Энэ ёслолд Монгол Улсын Их хурлын гишүүн Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, “Хошууч генерал Г.Рагчаа сан” төрийн бус байгууллагын тэргүүн Р.Эрдэнэбилэг, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагч хурандаа Ц.Буянжаргал болон энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн эрхэм генерал, гавьяатууд, энхийг сахиулагчдын төлөөлөл оролцсон юм.

Ёслолын ажиллагааны өмнө жил бүрийн НҮБ-ын энхийг сахиулагчдын өдрөөр зохион байгуулдаг уламжлалынхаа дагуу монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцох анхны шанг татсан төр, цэргийн нэрт зүтгэлтний нэг хошууч генерал Гүрийн Рагчаа агсныхаа гэрэлт хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн юм.

Ард түмэн, цэргийн алба хаагчдынхаа дунд “Энхийг сахиулах ажиллагааны загалмайлсан эцэг” хэмээн хүндлэгдсэн хошууч генерал Гүрийн Рагчаа нь Монгол төр, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжил дэвшилд жинтэй хувь нэмрээ оруулсны зэрэгцээ цэргийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцох ариун үйл хэргийн эхлэлийг тавьсан, оюуны өндөр чадамжтай, өргөн мэдлэг, ур чадвар, дадлага, туршлагатай, алсын хараатай эрхэм генерал байсныг энэ өдөр дурсан санаж, гүнээ хүндэтгэсэн нь энэ билээ.

үндэт зочид Дайчин алдрын тасалгаа, Хошууч генерал Г.Рагчаа агсны хүндэтгэлийн өрөөнд зочилсны дараа тус ангийн Соёлын төвд энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн эрхэм генерал, гавьяатууд болон зарим энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүллээ.

Мөн “Хошууч генерал Г.Рагчаа сан” төрийн бус байгууллагаас энэ оны шилдэг энхийг сахиулагчаар хошууч Н.Нямбаяр, ахлах ахлагч Б.Одонтуяа, ахлах ахлагч Э.Хашбадрах нарыг тодруулж, “Шилдэг энхийг сахиулагч” хүндэт тэмдгээр шагнасан юм.

Энэ үеэр ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг хэлсэн үгэндээ “НҮБ-ын энхийг сахиулагчдын өдрөөр цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчдынхаа амжилт ололт, алдар гавьяаг алдаршуулан сурталчлах, шилдэг энхийг сахиулагчдыг шалгаруулан, шагнаж урамшуулах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажилд байнгын дэмжлэг үзүүлсээр ирсэн “Гүрийн Рагчаа сан” төрийн бус байгууллагын удирдлага, гишүүд, дэмжигчид, хошууч генерал Г.Рагчаа агсны гэр бүл Д.Лхагвасүрэн эгчдээ болон  үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд нь чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монгол Улсын Зэвсэгт хүчний анхны офицерууд 2002 оноос НҮБ-ын цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойших өнгөрсөн хорин жилийн хугацаанд манай улсаас 20356 цэргийн алба хаагч дэлхийн гурван тивийн 10 гаруй улсад үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн бөгөөд өдгөө 900 орчим цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчид үүргээ амжилттай гүйцэтгэж буй нь Та бидний бахархал билээ. Өдгөө Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлалын удирдах албан тушаалд ажиллаж буй эрхэм генералуудын дийлэнх олонх нь НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцсон дадлага, туршлагатайн дээр бусад генералуудын хувьд энхийг дэмжих ажиллагаанд биечлэн оролцоогүй ч энхийг дэмжих ажиллагааны хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэн, боловсронгуй болгох, түүний хэрэгжилтийг нь хангах, энхийг дэмжих ажиллагааны чадавхыг бэхжүүлэх, олон улсын сургалт, дадлагыг удирдах, энхийг сахиулагчдыг сонгон шалгаруулах, ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэх боломжийг нь бүрдүүлэх үйл хэрэгт идэвхийлэн зүтгэсээр ирснийг баярын энэ өдөр онцлон тэмдэглэж байна.

Мөн энэхүү ёслолын ажиллагаанд оролцож буй бүрэлдэхүүний дотор НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн анхдагчдын төлөөлөл, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргахын зэрэгцээ энхийн үйл хэрэгт болоод цар тахлын хүнд үеийг амжилттай даван туулах, иргэд, цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах үйлсэд зүтгэсэн гавьяат эмч нар, ажиллагааны газар оронд эр зориг, эрэлхэг баатарлагийн үлгэр жишээг даян дэлхийд илтгэн харуулсан цэргийн алба хаагчид оролцож буй нь бидний бас нэгэн бахархал юм” гэдгийг онцоллоо гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


Энхийг сахиулагч генерал, гавьяатуудын уулзалт болов  
Үзсэн: 488 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй