Шууд Chart

Хөвөгч чулууны тайлагдаагүй нууцаас...

2022-06-08 11:19:51

Чив чимээгүй орчин тойрон, тэсвэрлэхийн аргагүй халуун. АНУ-ын Калифорни мужид байдаг Үхлийн хөндийд очсон хэн боловч ийм л сэтгэгдэлтэй буцдаг. Гэвч бодит байдал дээр үүнээс ч илүү гайхшрал төрүүлсэн үзэгдэл болдог байна.

Дээд хэмжээ нь 52 кг хүртэл жинтэй чулуунууд шулуун зам гарган, тус хөндийн тэгш гадаргуу дээгүүр өөрөө хөдлөн явдаг гэнэ. Энэ чулуунуудыг АНУ-д “Sailing stones” буюу хөвөгч чулуунууд хэмээн нэрлэдэг аж. Энэ үзэгдлийг нэгэн үе Үл мэдэгдэх нисэх биетүүдтэй холбоотой байх гэсэн яриа гардаг байсан байна. Эдүгээ эрдэмтэд үүнийг цаг агаарын нөхцөлтэй холбон тайлбарладаг.

Гэрэл зурагчин Майк Байрн чулуунуудын хөдөлгөөнийг баримтжуулах талаар уйгагүй ажиллаж иржээ. Тэрбээр, “Эдгээр чулуунуудын зарим нь ердийн биетэй хүмүүсийн жинтэй адил хэмжээний хүнд боловч ийм байдлаар элсэн цөлөөр хөндлөн гулд өөрөө хөдлөн явдаг нь үнэхээрийн гайхал төрүүлдэг” гэж ярьсан байдаг.

Чулуунуудын хөдөлгөөний нууцыг хэн ч 100 хувь тайлж чадаагүй байгаа бөгөөд эдгээр чулуу Racetrack Playa хэмээн нэрлэдэг ширгэсэн нуурын ёроол болох тэгш гадаргуун дээр байдаг байна.

Үхлийн хөндий нь АНУ-ын хамгийн нам дор газар ба далайн түвшнээс 101 м доош оршдог ажээ. Гадаргуу нь маш тэгшхэн бөгөөд цельсийн 58 хэм хүртэл халдаг дэлхийн хамгийн халуун газарт тооцогддог аж.

Үхлийн хөндийн чулуунуудыг өөрөө хөдлөн явахад хүргэдэг  онцлогтой байх гэсэн таамаг дэвшүүлж байсан боловч хожим нь ердийн жоншны төрлийн чулуу болох нь тогтоогджээ. 

Хамгийн сүүлд 1990-ээд онд хийсэн судалгаагаар байгалийн гурван төрлийн үзэгдэлтэй холбоотой байх гэсэн дүгнэлт хийсэн байна. Энэ хөндийд цагт 150 км хүртэл хүчтэй салхи салхилдаг, шөнөдөө хүйтэрч мөсөн бүрхүүл бий болдог мөн хөрс нь зөөлөн шаварлаг байдагтай холбоотой байх гэж үзжээ. Гэвч нууц нь бүрэн тайлагдаагүй байгаа аж. 


















Хөвөгч чулууны тайлагдаагүй нууцаас...  
Үзсэн: 222 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй