Шууд Chart

"Алтны бичил уурхайд мөнгөн усны хэрэглээг зогсооход оруулах хувь нэмэр, олборлогчоос цэвэршүүлэгч рүү" төслийн бүсийн удирдах хорооны хурал болж байна

2022-09-23 10:28:54

Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллага хамтран хэрэгжүүлж, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Филиппин Улсын Байгаль орчин, байгалийн нөөцийн яамтай хамтран Канадын Алтны бичил уурхайн зөвлөл гүйцэтгэж буй “planetGOLD Монгол-Филиппин: Алтны бичил уурхайд мөнгөн усны хэрэглээг зогсооход оруулах хувь нэмэр, олборлогчоос цэвэршүүлэгч рүү” төслийн Бүсийн удирдах хорооны хурал 2022 оны есдүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Филиппин Улсын Манила хотод болж байна.

Бүсийн хуралд Филиппин Улсыг төлөөлж Байгаль орчин, байгалийн нөөцийн яамны дэд сайд Жонас Леонес тэргүүтэй төлөөлөгчид оролцож буй бөгөөд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж ахлан БОАЖЯ, УУХҮЯ, Монголбанк болон МБУНДХ эзрэг байгууллагууд оролцож байна.

Түүнчлэн төслийн санхүүжүүлэгч, хэрэгжүүлэгч болон гүйцэтгэгч байгууллагууд болох Даян дэлхийн байгаль орчны сан, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Алтны бичил уурхайн зөвлөл тус тус оролцож илтгэл тавилаа.

Хурлаар planetGOLD төслийн тайлан, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцаж, төслийн дунд шатны үнэлгээний тайлан болон цаашид авч хэрэгжүүлэх зөвлөмжийг хэлэлцэж, шийдвэр гаргах юм.

Мөнгөн усны Минаматагийн Конвенцод нэгдэн орсон орны хувьд Монгол Улс мөнгөн усны хэрэглээг бууруулах үүрэг хүлээсэн бөгөөд үүний хүрээнд planetGOLD төсөл хэрэгжиж байна.

Энэхүү planetGOLD төсөл нь алтны бичил уурхай дахь мөнгөн усны далд хэрэглээг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар хүний эрүүл мэнд, байгаль орчинд мөнгөн усны ялгарлаас үүдэлтэй үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна. Бичил уурхайг зохицуулах нь хууль бус олборлолттой тэмцэх, байгаль орчны доройтлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 


"Алтны бичил уурхайд мөнгөн усны хэрэглээг зогсооход оруулах хувь нэмэр, олборлогчоос цэвэршүүлэгч рүү" төслийн бүсийн удирдах хорооны хурал болж байна  
Үзсэн: 1022 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй