Шууд Chart

Тохирлын үнэлгээний сургалт хийлээ

2022-10-01 13:05:21

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилттэй “Монгол Улсад Экспортыг дэмжих” төслийн хүрээнд НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (ЮНИДО)-аас Монгол Улсад итгэмжлэл, тохирлын үнэлгээний чадавхийг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлж байна. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ЮНИДО, Монгол Улсын Үндэсний итгэмжлэлийн төвтэй хамтран “ISO/IEC 17021:2015-1 Тохирлын үнэлгээ-Менежментийн тогтолцооны аудит болон баталгаажуулалтыг гүйцэтгэх байгууллагад тавих шаардлага – 1-р хэсэг: Шаардлага” сэдвээр олон улсын онол-дадлага хосолсон сургалтыг тохирлын үнэлгээний байгууллагууд, итгэмжлэлийн үнэлгээний ажилтнууд, шинжээчдэд болон их дээд сургуулиуд, мэргэжлийн холбоодын экспертүүдэд 2022 оны 9-р сарын 26-30-ны өдөр зохион байгууллаа.


 
Тус сургалтаар ISO/IEC 17021-1 стандартын талаар ойлголт өгөх, тогтолцооны баталгаажуулалтын байгууллагыг итгэмжлэх үйл явцын талаар нарийвчилсан мэдлэг олгох зорилготой. Сургалт интерактив бөгөөд бие даасан болон багийн ажиллагаа хэлбэрээр явагдлаа. Мөн илтгэл, дасгал, жишээ судалгаа, практик сургалтаас бүрдэж байгаа юм.

Сургалтыг ЮНИДО-ын Итгэмжлэлийн ахлах эксперт, ISO 17025, 15189, 17020, 17021, 17024, 17065, 17043 стандартуудын ахлах шинжээч ноён Мухамед Саад удирдан явуулав. Тэрбээр Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын (ILAC) Итгэмжлэлийн хороо, Хяналтын хороо болон Олон улсын итгэмжлэлийн форум (IAF)-ын Техникийн хорооны гишүүн бөгөөд Арабын итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын ISO 17011 стандартын ижил түвшний үнэлгээний мэргэжилтэн юм.  

Эх сурвалж: ХХААХҮЯ


Тохирлын үнэлгээний сургалт хийлээ   
Үзсэн: 231 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй