Шууд Chart

ЗСБНХУ-д хэлмэгдсэн монгол иргэдийн дурсгалыг мөнхжүүлж, гэрэлт самбар босголоо

2022-10-05 17:05:01

Зөвлөл Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний дурсгалд зориулсан ‘‘Хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөл’’, Гэрэлт самбарын нээлт өнөөдөр боллоо.

Уг төгөл, гэрэлт самбарыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан бөгөөд нээлтэд УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяа, Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комиссын дарга Ж.Батбаясгалан, Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц болон хэлмэгдэгчдийн ар гэр, төрөл төрөгсөд оролцож, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын Ж.Батбаясгалан “...Монгол Улсын түүхэнд хар толбо болон үлдсэн их хэлмэгдүүлэлтийг ирээдүй хойч үе бид мартах бас давтах учиргүй. Эх орондоо эргэн ирж чадаагүй төр нийгмийн зүтгэлтнүүд, иргэддээ Монголын төр мэхийн ёсолж байхын тулд, мөн Москва хотноо очиж өвөг дээдсийнхээ дурсгалд хүндэтгэл үзүүлж чадахгүй байгаа үр хойчийнх нь санаачилгаар энэхүү хүндэтгэлийн самбар, ногоон төглийг байгуулсан юм. ОХУ-ын Коммунарка мужийн Бутово дахь тусгай архиваас ирсэн нэр бүхий 249 монгол иргэний нэрийг дурсгалын самбарт бичсэн. Энэ нь тэдгээр иргэнийхээ нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, өсвөр залуу үеийг соён гэгээрүүлэх зорилготой юм” гэлээ.

ЗСБНХУ-д Монгол Улсын Ерөнхий сайд А.Амар, П.Гэндэн, Улсын Бага Хурлын дарга Д.Догсом, Орлогч дарга Д.Лосол, Сангийн сайд С.Довчин...зэрэг Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтнүүд, үндэсний сэхээтнүүд хэлмэгдэн, цаазлагдсан байдаг юм.

Энэхүү гэрэлт самбарын зураг төслийг Монгол Улсын УГЗ, Төрийн шагналт, уран барималч Л.Болд гаргаж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхтайван, “Үүдэн чулуу” ХХК-тай хамтран бүтээжээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ


ЗСБНХУ-д хэлмэгдсэн монгол иргэдийн дурсгалыг мөнхжүүлж, гэрэлт самбар босголоо  
Үзсэн: 412 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй