Шууд Chart

“Бараа бүтээгдэхүүний гарал үүсэл ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрх” хэлэлцүүлэг боллоо

2022-10-07 12:37:08

ШӨХТГ-аас “Бараа бүтээгдэхүүний гарал үүсэл ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрх” хэлэлцүүлгийг МҮХАҮТ, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд болон худалдаа, үйлчилгээний байгууллагууд, бизнес эрхлэгчдийн төлөөллийг хамруулан зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Стандарт гэдэг бол улс орны хөгжлийн гол шалгуур, үндэсний аюулгүй байдлын нэгэн баталгаа, хүн амын амьдралын чанарыг сайжруулах үндэс суурь нь учраас бүх талын оролцоотой стандартын баталгаажуулалт, хэрэгжилт, хяналтыг тогтолцоогоор нь шинэчлэх бодлого чиглэл баримталж байна. Стандартын шинэчлэлтэд хэрэглэгчийг бараа бүтээгдэхүүний гарал үүсэлтэй холбоотой мэдээлэл авах эрхийг хангахад чиглэсэн бодитой өөрчлөлт, шинэчлэлтийг хийх ёстой” хэмээлээ.

ШӨХТГ-аас “Бараа бүтээгдэхүүний гарал үүсэл ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрх” аяныг энэ оны 9 дүгээр сарын 1-ээс 10 дугаар сарын 1-нд  зохион байгуулсан.

Аяны хүрээнд зах худалдааны төв, хүнсний сүлжээ дэлгүүр, ерөнхий боловсролын сургуулийн орчимд байрлах хүнсний дэлгүүрүүдэд худаллаалж байгаа бараа, бүтээгдэхүүний талаарх мэдээлэл болон сав, баглаа боодол, хаяг шошгонд агуулсан мэдээлэл нь стандартын шаардлагад нийцэж буй эсэхэд хяналт шалгалт хийсэн юм.

Уг хяналт шалгалтаар Аж ахуй эрхлэгчдийн худалдан борлуулж буй бараа бүтээгдэхүүний шошгын мэдээлэл нь стандартын шаардлага хангадаггүй, хэрэглэгчийг төөрөгдүүлдэг, гарал үүсэл тодорхойгүй, хэрэглэх зааваргүй,  баталгаажуулалтгүй, хадгалалтын хугацаа дууссан, жин, хэмжээ дутуу, савалсан бүтээгдэхүүнийг шошголодоггүй зэрэг нийтлэг зөрчлийг аяны хүрээнд илрүүлж, зөрчлийг хэрхэн арилгах, цаашид давтан гаргуулахгүй байх  чиглэлийн арга хэмжээ авч ажилласан талаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун танилцууллаа.

Мөн тэрбээр “Энэхүү хэлэлцүүлгийн үр дүнгээр хэрэглэгч чанар, аюулгүй байдлыг хангасан бараа бүтээгдэхүүн хэрэглэх, мэдээлэл авах эрхийг хангах, сонголт хийх нөхцлийг бүрдүүлэх, үүнтэй холбоотой хууль тогтоомж, стандартыг мөрдүүлэх, үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулахад тулгамдаж буй асуудлуудын талаарх саналаа хэлэлцүүлэх, улмаар төрийн байгууллага, үйлдвэрлэгчид импортлогчид худалдааны байгууллагууд, хэрэглэгчдийн тал талын хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна” гэсэн юм гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.


“Бараа бүтээгдэхүүний гарал үүсэл ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрх” хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 312 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй