Шууд Chart

Улс орон даяар цэргийн тангараг өргөх ёслол боллоо

2022-11-27 12:51:38

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа даян дэлхийд тунхаглан зарласан түүхт 98 жилийн ойн өдөр Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2022 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн шинэ дайчдын цэргийн тангараг өргөх ёслол боллоо.

Улс орон даяар зохион байгуулагдсан энэхүү ёслолын арга хэмжээнд БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, орон нутгийн удирдлагууд, дайчдын ар гэрийн төлөөлөл оролцов.

Тухайлбал, Алтангадас одонт, хошууч генерал Ч.Самбуугийн нэрэмжит Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчдын эх орны хүү болсноо батлан тангараглах ёслолд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал оролцож, баяр хүргэлээ.

Бригадын генерал Ч.Цогтжаргал шинэ дайчдад хандаж “Цэргийн тангараг өргөж байгаа мянга мянган дайчдадаа баяр хүргэе. Таны өргөж байгаа тангарагт төр, ард түмнийхээ өмнө эх орноо батлан хамгаалах ариун үүрэг батгаж байгаа бөгөөд үг, өгүүлбэр бүртээ асар үнэ цэн агуулж байгаа андгай юм” гээд цэргийн албанаас та өөрийгөө олж таних, алсын хараа, ирээдүйгээ тодорхойлох, эх оронч үзлээр цэнэглэгдэх, тэвсэр хатуужилтай болох гээд олон эрхэм чанарыг өөртөө авах болно” гээд албандаа өндөр амжилт гаргахыг ерөөлөө. 

Мөн Байлдааны гавьяаны улаан тугийн болон Алтангадас одонт, БНМАУ-ын маршал Г.Дэмидийн нэрэмжит Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн хугацаат албаны дайчдын цэргийн тангараг ёслолд Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, аймгийн ЗДТГ-ын орлогч дарга А.Түвшинжаргал нарын албаны зочид, байлдагч нарын эцэг эх, ахан дүүс, найз нөхөд оролцов.

Тангараг өргөсөн дайчдын сэтгэгдлийг хуваалцахад “Цэргийн бахдам түүх, бахархам амжилтыг сонсож биш дунд нь орж бүтээлцэж байгаадаа бид баяртай байна. Та бүхнийхээ итгэлийг дааж албаа нэр төртэй хаах болно гэдгээ дайчин уламжлалтай монгол цэргийн ариун жагсаалын өмнө эр цэргийн ёсоор тангараглаж байна” гэсэн юм.

Арга хэмжээний дараа дээрх ангиудад бусад нэгтгэл, ангиудын жишгээр гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолт, урлагийн тоглолт, хүчит 32 бөхийн барилдаан зохион байгуулагдлаа гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.


Улс орон даяар цэргийн тангараг өргөх ёслол боллоо  
Үзсэн: 298 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй