Шууд Chart

Даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо

2022-11-29 09:17:25

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд даатгалын салбарыг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтуудыг тусгасан.

Энэ дагуу Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам хамтран салбарын гол хуулиуд болох Даатгалын тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай, Жолоочийн даатгалын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж салбарын оролцогчид болон иргэд, олон нийтээс санал авч ажилласан. Энэхүү ажлын үргэлжлэл болгон Даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг энэ сарын 25-нд зохион байгууллаа.

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун хэлэлцүүлгийг нээж “Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичгүүдэд санхүүгийн зах зээлийг олон тулгуурт болгох, даатгал болон хөрөнгийн зах зээлийн эзлэх хувийг нэмэгдүүлэн, хөгжүүлэх зорилтуудыг тавьж ирсэн.

Өөрөөр хэлбэл, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн сүүлийн 33 жилийн ололт амжилт, алдаа дутагдал дээр суурилан дараагийн 30 жилд даатгалын салбарыг илүү тогтвортой, эдийн засагт үр нөлөөгөө үзүүлдэг, бодит салбар болгон хөгжүүлэх шаардлага бидний өмнө тулгарч буй тул үүнийг хэрэгжүүлэх нэг гол шинэчлэлийн үйл ажиллагаа нь салбарын хуулийн шинэчлэл юм.

Нөгөө талаас, эрсдэлийн удирдлага, хөрөнгө оруулалтын тогтолцоог боловсронгуй болгох, цахим шилжилтэд үр ашигтайгаар шилжих замаар даатгалын салбарын шинэ, ухаалаг эко системийг бүрдүүлэхэд хуулийн шинэчлэл чухал нөлөөтэй. Даатгалын багц хуулийн шинэчлэлээр даатгалын салбарын ирээдүйн 30 жилийн хөгжлийг хангахуйц эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой” гэдгийг онцолсон юм.

Салбарын мэргэжлийн оролцогчдыг бүрэн хамруулах зорилгоор хэлэлцүүлгийг гурван салбар хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд даатгалын холбоод, даатгалын зуучлагч болон хохирол үнэлэгч компанийн 100 гаруй төлөөлөл оролцлоо гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


Даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 220 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй