Шууд Chart

Мэргэ ван ХХК-д 183.6 сая төгрөгийн торгох шийтгэл ногдууллаа

2022-12-05 10:56:18

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн онгоцны тийзийн үнийн өсөлт, агаарын хөлгийн шатахууны сумалгаа болон ачилтын үнийн өсөлттэй холбоотой гомдлын дагуу онгоцны шатахуун борлуулах, цэнэглэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч болох “Мэргэ ван” ХХК-д холбогдох зөрчлийн 2202000306 дугаартай хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явууллаа.

“Мэргэ ван” ХХК нь Монгол Улсын хэмжээнд онгоцны шатахуун эцсийн худалдан авагчид борлуулах, Улаанбаатар хотын хэмжээнд онгоцны шатахуун цэнэглэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр 2013 онд тогтоогдсон бөгөөд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч хэвээр байгааг ШӨХТГ-ын хуралдааны 2019 оны 03 тоот тогтоолоор дахин тогтоосон байдаг.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн үнэтэй харьцуулахад хил үнэ 2022 оны 8 дугаар сард 46.7 хувиар, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2022 оны 8 дугаар сард 11.6 хувиар нэмэгдсэн байх бөгөөд “Мэргэ ван” ХХК нь 2022 оны 8 дугаар сард агаарын хөлгийн шатахууны сумалгааны кг тутамд 2800 байсан үнийг 5600 төгрөг болгож 100 хувиар, ачилтын кг тутамд 2750 байсан үнийг 5550 төгрөг болгож 102 хувиар тус тус өсгөсөн байна. Өөрөөр хэлбэл, валютын ханш 10 гаруй, хил үнэ 40 гаруй хувиар буюу нөлөөлөх хүчин зүйл 50 гаруй хувиар өөрчлөгдсөн байхад “Мэргэ ван” ХХК нь сумалгаа болон ачилтын үнийг 100-102 хувиар өсгөж давамгай байдлаа хууль бусаар ашиглан ноёлох үйл ажиллагаа явуулж, бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон болох нь нотлогдлоо.

Иймд давамгай байдлаа хууль бусаар ашиглан ноёлох үйл ажиллагаа явуулж, бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох зөрчил гаргасан “Мэргэ ван” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх заалтад зааснаар өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 183.6 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдууллаа.

Эх сурвалж: ШӨХТГ


Мэргэ ван ХХК-д 183.6 сая төгрөгийн торгох шийтгэл ногдууллаа  
Үзсэн: 495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй