Шууд Chart

“Комплайнсийн эрсдэлийг удирдахуй -2” хэлэлцүүлэг боллоо

2022-12-05 15:02:30

Эрсдэлд суурилсан аргачлалыг хэрхэн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, ФАТФ-ын зөвлөмж, стандартыг үр дүнтэй биелүүлэхэд тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг олох, нэгдсэн ойлголттой болох зорилгоор зохион байгуулж буй “Комплайнсийн эрсдэлийг удирдахуй-2” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал хэлэлцүүлгийг нээж “Одоогоос жилийн өмнө буюу өнгөрсөн оны 12 дугаар сарын 07-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай салбаруудын мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулсан “Комплайнсын эрсдэлийг удирдахуй” сэдэвт анхны хэлэлцүүлгийг зохион байгуулж байсан. Тухайн үед Санхүүгийн зохицуулах хороо, “Санхүүгийн боловсролын зангилаа” ТББ комплайнсын соёлыг төлөвшүүлэх чиглэлээр “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд санамж бичиг, хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн хүрээнд комплайнсын ажилтны ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулсаар ирсэн. Харин өнөөдрийн 2 дахь удаагийн хэлэлцүүлэг нь нэг талаас Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (ФАТФ)-ын зөвлөмжийн хэрэгжилтийг сайжруулах нөгөө талаас зохицуулалтын салбаруудад комплайнсын эрсдэлийн удирдлагыг нутагшуулах зорилготой.

ФАТФ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх зөвлөмжид урьдчилан сэргийлэх арга хэмжээ чухал байр суурь эзэлдэг. Санхүүгийн зохицуулах хороо ч энэ хүрээнд сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг мэдээллийн бүхий л сувгийг ашиглан зохион байгуулж байна. Тухайлбал, танхимын болон цахим сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, гарын авлага, тараах материал, подкаст, видео хичээл, шторк хийх, цахим хуудас, нийтийн сүлжээгээр цаг үеийн мэдээ, мэдээлэл түгээж байна. Үүний зэрэгцээ комплайнс буюу хууль тогтоомж болон бизнесийн ёс зүй, мэргэжлийн харилцааны хэм хэмжээний стандартын нийцлийг таниулах, мөрдүүлэх, цаашлаад санхүүгийн салбарыг ФАТФ-ын газар дээрх хяналт, шалгалтын үнэлгээнд бэлтгэх зорилгоор компанийн удирдлага, ажилтнуудад комплайнсын гэрчилгээ олгох хөтөлбөрт сургалтыг тун удахгүй  зохион байгуулна. Учир нь компанийн удирдлага, ажилтнууд комплайнсын талаар бүрэн мэдээлэл, мэдлэгтэй байх нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, зогсоох зэргээр комплайнсын эрсдэлээ удирдахад чухал юм. Мөн энэ ажлууд хэрэгжсэнээр ФАТФ-аас цаашид хэрэгжүүлэх газар дээрх хяналт, шалгалтын үнэлгээнд бэлтгэх, зохицуулалтын салбаруудад комплайнсын эрсдэлийн удирдлагыг сайжруулах бололцоо бүрдэх учиртай. Хамгийн гол нь үүнийг амжилттай зохион байгуулахад бид бүгдийн санаачлага, идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаа тун чухал учраас  Та бүхэнтэй үргэлж нээлттэй, хамтарч ажиллана гэдгийг онцолье” гэсэн юм.

Хэлэлцүүлгээр комплайнсын соёлыг түгээх хэрэгцээ, шаардлага, мөнгө угаах, тероризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны талаар баримтлах бодлого, өндөр эрсдэлтэй харилцагчийг таньж мэдэх ажиллагааны талаар мэдээлэл өгөхийн сацуу мөнгө угаах, тероризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах хүрээнд салбар бүрийн комплайнсын эрсдэлийг тодорхойлох талаар хэлэлцүүлэг өрнүүллээ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


“Комплайнсийн эрсдэлийг удирдахуй -2” хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй