Шууд Chart

Монгол-Малайзын бизнес уулзалт боллоо

2022-12-08 15:54:14

МҮХАҮТ нь энэ оны 9 дүгээр сард хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг холбох, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр Малайзын дунд түвшний компаниудын консорциумтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд тус санамж бичгийн хүрээнд MATRADE (Малайз Улсын Гадаад Худалдааны Хөгжлийн Корпораци)-тай хамтран 2 дахь удаагийн “Монгол-Малайзын бизнес уулзалт”-ыг Куала Лумпур хотноо 12 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа.

Тус уулзалтад Монголын талаас МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, гадаад худалдаа, хүнс, сав баглаа боодол, барилга, хувцас үйлдвэрлэлийн салбарын 15 бизнес эрхлэгч, Малайзын талаас Малайз Улсын Гадаад Худалдааны Хөгжлийн Корпорацийн Орлогч дарга Пуан Шариматон Мат Саллех, Малайз Улсын дунд түвшний компаниудын консорциумын Ерөнхийлөгч Каллум Чен, Дэд Ерөнхийлөгч Мартин Анг, Малайзийн Олон улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Кристина Тий болон 25 гаруй бизнес эрхлэгчид оролцов.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нээлтийн үгэндээ Монгол Улсын хувьд Малайз Улсын зах зээлд хөдөө аж ахуйн гаралтай мах махан бүтээгдэхүүн, арьс шир, самар зэрэг бүтээгдэхүүнийг экспортлох бүрэн боломжтой бөгөөд Малайзаас өндөр техник технологи, ноу-хауг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгааг онцолсон байна.

Бизнес уулзалтын үеэр Малайз Улсын дунд түвшний компаниудын консорциумын Дэд Ерөнхийлөгч Мартин Анг “Монгол улс дахь миний туршлага”, Малайз Улсын Гадаад Худалдааны Хөгжлийн Корпорацийн Зүүн хойд Азийн худалдааны асуудлыг хариуцсан захирал Наим Абдул Рахман “Малайз-Таны худалдааны түнш”, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан “Монгол Улс дахь бизнесийн боломжууд” сэдвээр тус тус танилцуулав.

Мөн тус уулзалтын дараа хоёр орны төлөөлөгчид Малайз Улсын Гадаад Худалдааны Хөгжлийн Корпорацийн төв оффист байрлах Малайз Улсын Экспортын Үзэсгэлэн (MEEC)-гээр зочилжээ. Энэхүү үзэсгэлэн нь нийт 4500 гаруй метр квадрат талбайд Малайзын 500 гаруй аж ахуй нэгжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтэн жилийн турш танилцуулдаг онцлогтой бөгөөд гадаадын бизнес эрхлэгчид энэхүү үзэсгэлэнг үзэж сонирхон МATRADE-аар дамжуулан Малайзын түншээ олох, шууд холбоо тогтоох боломжийг бүрдүүлдэг байна гэж Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас мэдээллээ.


Монгол-Малайзын бизнес уулзалт боллоо  
Үзсэн: 400 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй