Шууд Chart

Төслийн хамтарсан зохицуулах хорооны II хуралдаан боллоо

2023-01-31 12:30:08

Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” хоёрдугаар шатны төслийн хамтарсан зохицуулах хорооны II хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдааныг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Монгол дахь ЖАЙКА суурин төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи нар нээж үг хэлсэн юм.

Хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Хамтарсан зохицуулах хорооны анхдугаар хуралдаанаар ажлын төлөвлөгөөг боловсруулж, ажлын хэсгийн гишүүд болон хамтарсан зохицуулах хорооны гишүүдийг томилж, үйл ажиллагааг эхлүүлсэн. Үүнээс хойш ажлын хэсгүүд хүчитгэлийн үйл ажиллагааны урт хугацааны төлөвлөгөө, газар хөдлөлтөд тэсвэртэй барилга төлөвлөлтийн гарын авлага, барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээ ба хүчитгэлийн аргачлал, сургууль, цэцэрлэгийн барилга төлөвлөлтийн гарын авлага, хүчитгэх шаардлагатай барилгын эрэмбэлсэн жагсаалт, аргачлал боловсруулах зэрэг ажлуудыг төлөвлөсөн хуваарийн дагуу гүйцэтгэж байна. Мөн газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээ хийх 10 барилгыг сонгож, 5 барилгын хүчитгэлийн зураг төсөл боловсруулж эхлэн, Монголын барилгын инженерүүдэд зориулсан танхимын сургалтуудыг зохион байгууллаа. Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүхий талаар дэмжин ажиллаж байгаа ЖАЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн хамт олон, хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл та бүхэнд талархал илэрхийлье” гэлээ.

Харин Монгол дахь ЖАЙКА суурин төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи хэлсэн үгэндээ “Төслийн хоёрдугаар шат нь эхний шатанд хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд тулгуурлан газар хөдлөлтөд тэсвэртэй барилгын хүчитгэлийн зураг төсөл болоод барилгын гүйцэтгэлтэй холбоотой зөвлөмж бүхий гарын авлагыг боловсруулж, хүчитгэлийн ажил хийхэд шаардлагатай бэлтгэл ажлыг дэмжиж ажиллах юм. Мөн төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа гамшгаас урьдчилан сэргийлэх төв байгууллагын чадавхыг сайжруулах үйл ажиллагаа нь “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”-ийн тэргүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмрээ оруулна гэдэг итгэлтэй байна” хэмээн онцолсон юм.

Төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа ажлын хэсгүүд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан болоод цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар танилцуул, санал сэтгэгдлээ хуваалцлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 


Төслийн хамтарсан зохицуулах хорооны II хуралдаан боллоо  
Үзсэн: 163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй