Шууд Chart

Би... НАР (Гэр бүлийн уран сайхны кино)

2019-04-13 12:57:31

Найруулагч: Ж.Сэнгэдорж

1991 онд бүтээгдсэн “Модон могой” киноноос хойш хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан кино тасарсан гэж хэлж болохоор энэ цаг үед кино багийн хамт олон гэр бүлээрээ үзэх боломжтой гэгээлэг сайхан кино хийсэнд юуны өмнө баяр хүргэе!

Кино хийх санал, санаачлагыг гаргаж, дэмжсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар”-ын хамт олны хичээл, зүтгэлд мөн гялайлаа. Төр, хувийн хэвшлийн студиудтай хамтран соён гэгээрүүлэх талбарт ажиллаж болохыг харууллаа. 

Гурван хэсгээс бүрдсэн энэхүү киноны эхний хоёр хэсэгт шууд “ОНЦ” дүн өгч байгаа. Өгүүлэмж, санаа, дүрийн сонголт, зураг авалт, жүжигчдийн ур чадвар, зураг авалтын талбай гэх мэт бүгд тун донжтой сайхан болсон. 

Ялангуяа операторын баг бол үнэхээр сайн планууд тавьж чадсан байдаг. Морьтой давхиж байгаа хэсэг, хонин дунд хэвтэж байгаа хүүхдүүдийн дээрээс авсан план, уран нугараач охидын зураглалууд маш сайн. 

Эхний хэсгийн гол дүрийн гурван хүүхэд болоод нугараач охидын сонголт ч үнэхээр гоё. Монгол хүүхдүүдийн үндсэн идеал харагдаж чадаж байлаа. Бас уран нугаралтын багш эмэгтэй бараг мэргэжлийн түвшинд тоглож чадсаныг энд өгүүлэх хэрэгтэй. 

“Халтар царайт”, Майкл Жексон, технологируу тэмүүлсэн тэмүүлэл, амьдралын эрхэнд хол амьдрах гэр бүл, өсвөр насны хүүхдүүдийн сэтгэхүйн онцлогууд гэх мэт үнэхээр баялаг бүтээл болсон. Хэсэг хоорондын ижилтгэл, шилжилтүүд ч таалагдсан.

Хөгжим, чимэглэлд одоо цагийн аав, ээж нарын зүрхэнд хоногшсон дуу, чимээнүүдийг сонгож чадсан байгаа нь мундаг. Ер нь киноны үндсэн хөгжим ч гоё бүтээл болсон байна.  Хувцаслалтан дээр ч мундаг анхаарсан нь харагдсан. Мөн жижиг хэрэгсэл хариуцсан баг болоод зургийн дарга ч хотын болон, хөдөөний натурт маш сайн ажилласныг онцлоё. 

Бидний амьдралд орон зайгүй мэт болоод өнгөрсөн үйл явдал нь ирээдүйн иргэдийн мэргэжил сонголт, хувь хүний төлөвшилд хэрхэн нөлөөлдөгийг, гэр бүлийн нарийн нандин холбоос, хайр гээч нь юу болохыг хөгжилтэй, хэмнэлтэй, өнгөлөгөөр харуулж чадсан үнэхээр гоё бүтээл. Би л хувьдаа инээж, уйлж бас бодож үзлээ. 

За харин гуравдугаар хэсгийн хувьд хэлэх гэсэн санаа, орчин үетэйгээ ойр байгаа зэрэг нь маш сайн боловч гол ойлгуулах зүйлээ мөлийлгөөд орхичих шиг санагдлаа. Гол дүрийн хоёр хүүхэд боломжийн сайн тоглосон. Тэгэхдээ одоо цагийн хүүхдүүдийн идеал мөн үү гэвэл арай л хол харагдаад байсан. График хэсэг ихтэй. Тэгэхдээ зөвхөн нэг талаас нь хийсэн болхидуу графикууд нь чимэг гэхээсээ алдаа шиг харагдаад байна. 

Миний бодлоор нэгэнт дижитал гол дүртэй дижитал имижтэй хэсэг тул зураг авалтыг богино, богино плантай аваад Анимээ шиг тас тас хийсэн монтажтай байсан бол илүү хүрэх байсан болов уу? Магадгүй энэ хэсгийг хоёр хуваагаад Зайсан толгой дээр суух хүртэлх хэсгийг киноны эхэнд, үлдсэн хэсгийг киноны хойно оруулсан бол ч илүү болохоор байсан шиг. 

Тэгэхдээ эцэг, эхчүүд бид ажил ажил гээд хүүхдүүдээ анхаарахгүй, гэр бүлийн амьд харилцаа байхгүй болсноос хүүхдүүд маань амьгүй ертөнцөд, хараагүй мянга мянган найз нартайгаа өсч том болж байгааг өгүүлж, хөндөж чадсан. Өсвөр насны хүүхдүүдэд компьютерээр хийж болдгүй олон зүйл тэр тусмаа чамайг үнэнчээр хайрлах ХАЙР гэж зүйл байдгийг ойлгуулсан гэж найдаж байна. 

Эцэг, эхчүүд, ах, эгч, өвөө, эмээ нар минь та бүхэн 10-16 насны хүүхэд, дүү нараа дагуулж очоод энэ киног заавал үзээрэй. Киног гэр бүлээрээ үзсэн бол амьд харьцаа болоод атганд багтдаг дэлгэц хоёрынхоо зохистой хэрэглээ, хэмжээ цаг хугацааны тухай хэрэг болгон ярилцаж үзээрэй. Болвол өдөрт тэдэн цаг, нэг удаад тэдэн минутаас хэтрэхгүй гэх мэт дүрэмтэй болоод тэрийгээ хэрэгжүүлэхийн тулд хичээгээрэй. 

Бид бүхний хүүхдүүд бол бидний амьдралыг хажуунаас минь гэрэлтүүлж байдаг НАР юм шүү. Бид ч тэднийгээ ивээж байдаг ХАЙР хэмээх нартай. Бүгд гэрэлтэж яваарай. Эцэст нэг гомдол байна: Яагаад Монголчууд ийм хөөрхөн гэр бүлээрээ үзэх кино хийчихээд байхад энэ кино театрууд оргил цагаа өгдөггүй юм болоо. Ажлаа тараад хүүхдээ дагуулаад очиход дандаа үдээс өмнөх цагуудад ганц Тэнгис л хамгийн орой нь 17,40-өөс тавьсан байх юм. Хүүхдийн кино юм чинь тэгэхгүй яах юм гэх байх л даа. Тэгвэл ядаж “Dambo”, “Wonder Park” гэх мэт хүүхдэд зориулсан кино шиг ядаж ганц ОРГИЛ ЦАГ-аа өгсөнгүй вэ?

Гэр бүл бол нийгмийн үндэс, үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, бүхнийг хүүхдийн төлөө гэж хашгиралдах мөртлөө ганц гарсан аятайхан киногоо цагаар бойкотлочихсон юм шиг л харагдлаа шүү. 

Г.Ариунчулуун

Нийтэлсэн: Анжигай

Би... НАР (Гэр бүлийн уран сайхны кино)  
Үзсэн: 4523 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй