Шууд Chart

Ж.Тэмүүжин: Эрдэмтдийн олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл Монголыг дэлхийд сурталчилдаг

2019-06-05 12:02:02

Та бүхэнд ШУА-ийн ХХТХ-ийн Материал судлал, технологийн лабораторийн эрхлэгч, академич Ж.Тэмүүжинтэй хийсэн ярилцлагыг толилуулж байна.

Ж.Тэмүүжин академич хялбар хайлдаггүй, металл бус, силикат материалын химийн технологич мэргэжилтэй. 1995 онд “Орон нутгийн түүхий эдээр цахилгаан тусгаарлах материал үйлдвэрлэх технологийн үндэс” сэдвээр техникийн ухааны дэд доктор (PhD), 2006 онд “Нано бүтэцтэй органик биш материалыг жолоодлоготойгоор гарган авах хими-технологийн судалгаа” нэг сэдэвт бүтээлээр Химийн шинжлэх ухааны докторын (ScD) зэргийг хамгаалсан. Тэрээр дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэрхэн өгүүллээ хэвлүүлэх, эрдэм шинжилгээний сэтгүүлийн шаардлагыг боловсронгуй болгох чиглэлээp идэвхтэй ажилладаг нэгэн билээ.

-Та саяхан Германаас ирсэн. Тэнд ямар судалгааны ажил хийсэн бэ. Томилолтынхоо сониноос хуваалцаач? 

-Саяхан ХБНГУ-ын Александр фон Хумбольдтын сангийн дэмжлэгээр Ханновер хотын Лайбницийн Их сургуульд 3 сар ажиллаад ирлээ. Юуны өмнө энэ сангийн тухай товч дурдах хэрэгтэй байх. Энэ сан нь судлаачдыг дэмжин санхүүжүүлдэг ХБНГУ-ын хамгийн нэр хүндтэй сангуудын нэг. Анх 1860 онд алдарт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч А.Хумбольдтыг нас барсны дараа найз нөхөд нь байгуулсан байдаг. Дараа нь 1925, 1953 онуудад гадаадын судлаачдыг Германд судалгаа хийхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор дахин зохион байгуулагдаж улмаар өнөөгийн түвшин хүртэл ажиллаж байна. Докторын дараах судалгаа хийж байгаа судлаачдад санхүүжилт олгох болон судалгааны ажлаараа нэр хүндтэй болсон судлаачдыг Германы судлаачидтай хамтран ажиллахад нь дэмжлэх үзүүлэх зорилгоор Хумбольдтын судалгааны шагнал олгох гэсэн 2 үндсэн санхүүжилт олгодог юм. Би 2002 онд Хумбольдтын сангийн докторын дараах санхүүжилтийг авч байсан бол 2015 онд Хумбольдтын судалгааны шагнал авч байсан. Хумбольдтын сангаас нэг удаа санхүүжилт авсан судлаач Хумбольдтын гэр бүлд багтан цаашид хамтран ажиллах, санхүүжилт олох өөр боломжууд нээгддэг өгөөмөр харилцаа холбоог дээдэлдэг сан байгаа юм. Тухайлбал би 2011 болон 2017 онуудад уг сангийн дэмжлэгээр 2 удаа хорь гаруй мянган еврогийн тусламж аван Хүрээлэндээ шахалтын бат бөх хэмжигч багаж болон өндөр температурын зуух авч суурилуулан судалгаандаа ашиглаж байна. Сая явахдаа Хумбольдтын гэр бүлийн гишүүн болсон учир дахин авч явсан дээжиндээ хэмжилт хийх, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж сэтгүүлд илгээх зэрэг ажил хийж гүйцэтгэлээ.

-Таныг Химийн технологич мэргэжлийг сонгоход нөлөөлсөн зүйл юу байв. Судалгааны чиглэлээрээ гадаадын хэд хэдэн оронд ажилласан байна?

-Ер нь бол би аавынхаа мэргэжлийг өвлөсөн хүн. Манай аав 1966 онд тэр үеийн ЗХУ-ын Москва хотод Менделеевийн нэрэмжит Хими, технологийн дээд сургуулийг шил, силикатын химийн технологич мэргэжлээр төгссөн хамгийн анхны төгсөгчдийн нэг юм. Би харин 1991 онд Украйн улсын Киев хотын Политехникийн дээд сургуулийг Хялбар хайлдаггүй, металл бус, силикат материалын химийн технологич инженер мэргэжлээр төгссөн. Төгссөнөөс хойш ШУА-ийн Химийн хүрээлэнд Эрдэм шинжилгээний дэд ажилтнаар орж ажиллан, хими, материал судлалын чиглэлээр 28 дахь жилдээ ажиллаж байна. 1995 онд Техникийн ухааны дэд доктор буюу одоогийн нэршлээр PhD доктор болсноос хойш гадаадын нэлээн хэдэн оронд (Япон, ХБНГУ, Англи, Австрали) докторын дараах судалгаа хийх, төслийн ажилтан, төслийн удирдагч, уригдсан профессор зэрэг түвшинд судалгаа хийж ажиллаж байсан.

-Шавийн эрдэм багшаас гэж үг бий. Танд үлгэр дууриал үзүүлсэн багшийнхаа тухай ярина уу?

-Судлаач болж төлөвшихөд удирдаж байсан, хамтарч ажиллаж байсан бүх хүн чухал нөлөөтэй байдаг. Тэднээс тодорхой хэмжээний туршлага, мэдлэг өөртөө шингээхийн хэрээр чадвар дээшилж байдаг. Намайг судлаач болж төлөвшихөд манай аав профессор Ц.Жадамбаа, академич Ж.Амгалан, доктор А.Баатаржав болон хамтарч ажиллаж байсан бүх хүмүүсийн нөмөр, нөөлөг их байсан. Ялангуяа сургууль төгсөөд дөнгөж ажлын гараагаа эхэлж байхад тус дэмжлэг үзүүлж байсан бүх судлаачдад талархлаа илэрхийлэх хэрэгтэй байх. Дараа нь гадаад улсуудад ажиллаж байхдаа Японы эрдэмтэд К.Окада, М.Сенна болон Шинэ Зеландын эрдэмтэн К.Маккензие нараас маш их зүйл сурч мэдсэн.

-Таны 270 гаруй шинжлэх ухааны бүтээлээс Олон улсын Скопус бүртгэлийн санд бүртгэгдсэнээр жилд 240-250 гаруй эшлэл авагдсан байна. Таны хувийн зохион байгуулалт, ажлын арга барилын онцлог юу вэ?

-Одоогийн байдлаар миний 83 бүтээл Элсевиер хэвлэлийн компанийн Скопус бүртгэлийн системд бүртгэгдсэнээс 2450 гаруй эшлэл авагдсанаас сүүлийн 6 жилийн турш 200-280 гаруй эшлэл, дунджаар 250 гаруй эшлэл авагдсан байдаг юм байна. Хиршийн индекс маань Скопус бүртгэлийн системд 27 байна. Эшлэл бол цаг хугацааны турш өсдөг. Гэхдээ тодорхой түвшинд жилд авагдах эшлэлийн тоо буурахгүй байна гэдэг бол уг судлаачийн судалгаа сонирхол татсаар байгааг илтгэж байна. Судалгаагаа хэвлүүлсэн сэтгүүл хүртэл чухал нөлөөтэй. Ойролцоо үр дүнг илтгэсэн 2 судалгааны нэг нь импакт фактор өндөртэй, нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдсэн бол тэр өгүүллээс авах эшлэлийн тоо нь импакт фактор багатай юмуу эсвэл импакт факторгүй сэтгүүлд хэвлүүлсэн өгүүллийнхээс хамаагүй илүү байдаг. Зарим тохиолдолд эшлэл цөөхөн авагддаг өгүүлэл нэлээд хэдэн жилийн дараа сонирхол татан эшлэлийн тоо нь огцом нэмэгдэж болно. Тэгэхээр бас яг эшлэлийн тоо нь судлаачийн хувьд хамгийн чухал гэж хэлэхэд учир дутагдалтай.

Таны тавьсан асуултыг залуучууд маань нэлээн асуудаг юм. Яг тийм гээд хэлчихэд хүнд асуулт. Учир нь, би тийм арга барилаар ажилладаг, үр дүнгээ тэгж боловсруулж тэгж хэвлүүлдэг гэж хэлэхэд хэцүү байдаг. Хэн нэг хүнээс ялгарах ажлын өвөрмөц арга барил бол ерөнхийдөө байхгүй. Гол нь судалгаа эхлэхийн өмнө уг ажлынхаа зорилгыг маш сайн ойлгож өөртөө төсөөлсөн байх, энэ чиглэлээр хэвлэгдсэн ажлуудыг олж уншин тэдний судалгаа миний судалгаанаас юугаар ялгаатай болохыг тодруулах, өөрийн судалгаа бусдын хийснээс ямар давуу талтай байж болохыг төсөөлөн туршилт төлөвлөлтөө л сайн гүйцэтгэх хэрэгтэй. Энэ туршилтын үр дүнг ийм багажаар, ингэж шалгана гэдгээ мөн тооцоолох, уг багажийн олдоц ямар байж болохыг мөн бодолцох хэрэгтэй. Манайд туршилт судалгааны тоног төхөөрөмж хангалтгүй учир, олдоц нь боломжтой багажин дээр гол судалгаагаа явуулбал заавал гадаад гэж цаг алдахгүй.

-Сэтгүүлд өгүүллээ илгээгээд зөвшөөрсөн хариу авах үед судлаач хүнд ямар байдаг бол?

-Энэ их сайхан асуулт байна. Би 1996-1997 онуудад Японы Токиогийн Технологийн их сургуульд ажиллаж байхдаа 1997 онд анхны өгүүллүүдээ сэтгүүлийн газар илгээгээд 1998 онд анхны өгүүллүүд маань хэвлэгдэж байсан. Тэрнээс хойш жилд 1-6 өгүүлэл он алгасахгүй хэвлэгдсэн байдаг. Анхны өгүүллийн хэвлэлтэнд авсан захиаг Япон профессор маань надад факсаар явуулаад би маш их баярлаж байж билээ. Ямар ч гэсэн мөрөөдлөө биелүүллээ гээд. Тэгээд хэвлэгдсэнийх нь дараа 1 хувийг мөн факсаар аваад тэрнийгээ хараад л суугаад байж билээ. “Ж.Тэмүүжин, Химийн хүрээлэн, Шинжлэх ухааны академи, Монгол улс” гэсэн хаягаа харахаар олон улсын түвшинд бүтээлээ хэвлүүлж чадлаа гэж бодогдоод. Одоо манай залуучууд харьцангуй эрт өгүүллээ хэвлүүлж, доктор болоогүй ч олон улсын түвшинд гарч чадаж байна. Тэдэнд бол их сонин санагдах байх л даа. Яагаад тэгж их баярлаж хөөрсөн юм бол гэж. Миний хувьд доктор болсныхоо дараа л олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн, энэ нь миний мөрөөдөл байсан. Мөрөөдлөө биелүүлсэн учраас гэж хариулах байх. Одоо харьцангуй урьдынх шигээ тэгж хөөрөх нь гайгүй. Гэхдээ сайн сэтгүүл өгүүллийг маань хэвлэлтэнд авах, хэвлэгдэхэд баярладаг маань хэвээрэй. Тухайн өгүүллийг төлөвлөх, бичихэд бүх сэтгэл зүрхээ зориулдаг учраас баярладаг байх л даа.

-Таны санаачилсан (Mongolian Journal of Chemistry) сэтгүүлийг Elsevier компанийн Scopus бүртгэлийн системд бүртгэсэн. Энэ ажлыг хэрхэн эхлүүлж байв?

-Энэ миний хувьд энэ зун тохиолдсон хамгийн баяртай үйл явдлын нэг. Сэтгүүлийн түүх маань бүр 1963 оноос эхлэлтэй. Сэтгүүл маань ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн сэтгүүл гэж хэвлэгддэг. Манай сэтгүүл Mongolian Journal of Chemistry нэрээрээ 2010 оноос хойш англи хэлээр хэвлэгдэж байгаа. Энэ үеэс л уг сэтгүүлтэй бүхий л байдлаар холбогдож байгаа. Редакцийн комиссын гишүүн, зөвлөх, ерөнхий редактор гэсэн түвшинд. Миний мөрөөдөл бол Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлтэй болох явдал байсан. Тэгээд өөрийн сэтгүүлдээ ISSN дугаар авах, INASP төслийн хүрээнд Монголын номын сангийн консорцумийн хэрэгжүүлж байсан MongoliaJol платформд бүртгүүлэх зэрэг ажлууд хийгдсэний дараа google scholar хуудсанд бүртгэгдсэн маань маш их урам авчирсан. Учир нь манай сэтгүүлд хэвлүүлсэн өгүүллийг хаанаас ч олж унших боломжтой, эшлэлийн тоо нэмэгдэхэд түлхэц өгсөн гээд давуу талууд бий болсон. Үүнээс хойш сэтгүүлд хэвлэгдэх өгүүллийн чанарыг дээшлүүлэхийн тулд гадаадын тухайн салбартай нэр хүндтэй эрдэмтдийг редакцийн багт оруулах ажлуудыг хэрэгжүүлэн олон улсын нэр хүндтэй бусад бүртгэлийн санд бүртгүүлэх, сэтгүүлийн чанарыг тэдний шаардлагад нийлүүлэн сайжруулах ажлыг хэрэгжүүлсний дүнд EBSCO Discovery Service, CAS (Chemical Abstracts Service), DOAJ, WorldCat зэрэг нэр хүндтэй бүртгэлийн системд бүртгүүлсэн юм. Гэхдээ бидний мөрөөдөл бол Scopus, Web of Science бүртгэлийн системд бүртгэгдэхээр чанартай сэтгүүл болох байсан. Тэгээд сэтгүүлд хэвлэгдэх өгүүллийн англи хэлний түвшинг сайжруулах тал дээр анхаарал тавьж, тусгай орчуулгын үйлчилгээ авахыг мөн шаардаж эхэлсэн. Тэгээд 2018 оны 3 сард Scopus бүртгэлийн системд бүртгүүлэх өргөдлөө явуулаад олон тооны хяналтыг нь даван 1 жил 2 сарын дараа буюу 2019 оны 5 сард бүртгэхээр боллоо гэсэн хариу авсан. Бидний хувьд мөрөөдлөө биелүүлсэн сайхан үйл явдал болсон. Харин Web of Science бүртгэлийн системийн хувьд уг бүртгэлийн системийн нэг хэсэг болох Emerging sources citation index-бүртгэлийн системд бүртгүүлэх өргөдлөө өгчихөөд хариугаа хүлээж байна. Энэхүү бүртгэлийн системийг Web of Science-бүртгэлийн системд бүртгэгдэн Journal citation report-оос импакт фактор авах завсрын систем гэж үздэг.

-Судалгааны ажлын үр дүнгээ практикт нэвтрүүлж, улс орны эдийн засагт бодит үр ашиг үзүүлэхэд учирч буй бэрхшээл юу байдаг вэ?

-Судалгаа шинжилгээний ажлын үр дүнд шинэ мэдлэг бий болох ёстой. Уг шинэ мэдлэг нь үйлдвэрлэл практикт нэвтрэн шинэ бүтээгдэхүүн болж ч болно болохгүй ч байж болно. Шинэ мэдлэг маань өгүүлэл болон олон улсын сэтгүүлд хэвлэгдэн, хуралд илтгэгдэн өөр судлаачид авч ашиглаж байгаа нь уг судалгааны үр дүн ашиглагдаж байгаагийн нэг хэлбэр юм. Дээр нь судалгааны үр дүн болгон үйлдвэрлэл практикт нэвтрэх албагүй л дээ. Уг судалгааны үр дүн практикт нэвтрэх сонирхол, зах зээл байх хэрэгтэй. Манай улсын хувьд үйлдвэрлэл судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэх түвшинд хүрэхээр хөгжөөгүй байна. Гаргасан шинэ технологи өрсөлдөх чадвартай байх хэрэгтэй. Миний бодлоор үйлдвэрлэгчдээс захиалга ирэх, судалгааны санхүүжилтийг үйлдвэрлэгч тодорхой хэмжээгээр даах түвшинд хүрч байж манай судлаачдын судалгаа шинжилгээний үр дүн практитк нэвтрэх боломж илүү байх болов уу. Тэр түвшинд хүртэл төрийн санхүүжилтээр голлон санхүүжиж үр дүнд нь олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлэгдэн Монгол улсаа сурталчлах хэрэгтэй байх. Гэхдээ одоо ч гэсэн манай археологи, палеонтологийн судлаачид Монгол орноо гадаад, дотоодод танилцуулах музей байгуулах, байгалийн ухаан биологийн чиглэлийн судлаачид эх орныхоо түүхий эдийг ашиглан эм, биологийн идэвхит бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэх мэтчилэн ажлууд хийн практикт нэвтрүүлж байна. Эрдэмтэн судлаачдын оюуны бүтээл нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлд хийгдэж байгаа нь ямар ч төгрөг, мөнгө олохоос дутахааргүй Монгол улсын хөгжилд оруулж буй хувь нэмэр юм шүү гэдгийг манай иргэд ойлгоосой гэж бодож байна. Манай иргэд Монгол улсаа олон улсын түвшинд тамирчид, урлагийнхан л сурталчилдаг гэж үздэг. Гэсэн хэдий ч зохиолч, Монголын байгууллагын хаягтай олон улсын сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллүүд тамирчин, дуучнаас дутахгүй Монгол улсыг гадаад улсуудад сурталчилдаг гэж би боддог. Олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн өгүүллээс гадаадын судлаачид эшлэл аван ашиглаж байгаа нь өөрийн улсыг сурталчилж байгаа нэг том хэлбэр юм.

-Дэлхийн шилдэг эрдэмтний амьдралын замнал, түүхтэй танилцах нь залуу судлаачдад эрч хүч өгөхөөс гадна туршлага болдог. Таны хувьд?

-Ер нь судлаач хүн өөрөөсөө илүү эрдэмтдийн бүтээл замналтай танилцаж байж л өөрийгөө хурцалдаг юм биш үү. Өөрөөсөө залуу хэдий ч өндөр түвшинд хүрсэн эрдэмтдийн тухай уншихаар өөрийн эрхгүй бахархдаг. Уг судлаачийн судалгаа хийж байсан нөхцөл, хаана хийсэн, хэнтэй хамтарсан гээд олон нөлөөлөх хүчин зүйл байгаа. Тэгэхээр өөрийн байгаа орчиндоо аль болох гайгүй судалгаа хийх юмсан гэж боддог. Хүсэхэд хяслан гэгчээр бас тоног төхөөрөмжийн олдоц, хүрэлцээ, судалгаанд олгох санхүүжилт гээд олон зүйлийг бодох хэрэгтэй болно. Тэгэхээр Монголд өрсөлдөх чадвартай судалгаа хийхийн тулд маш сайн төлөвлөж чадвал манай судлаачдад боломж байгаа.

-Өнөөдөр химийн шинжлэх ухааны салбарт үүсээд буй философи асуудал юу байна вэ?

-Одоо ч шинжлэх ухааны нэг салбарын хөгжлийг дангаар авч үзэх нь учир дутагдалтай болчихоод байна. Салбар дундын хөгжил улс орны, дэлхийн хөгжлийг авч явж байна. Ирээдүйд үйлдвэрлэл технологийн салбарт хэрэгжих технологийн 95% нь NBIC буюу нано, био, мэдээлэл болон сэтгэхүйн шинжлэх ухааны уялдаа, уулзвар дээр хөгжинө гэсэн байдаг. Энэ бүхэн ялангуяа хиймэл оюун ухаанд суурилсан технологи хөгжил философийн асуудалтай нягт уялдана гэж бодож байна.

-Та чөлөөт цагаа юу хийж өнгөрүүлдэг вэ?

-Ер нь тэр болгон чөлөөт цаг гараад байдаггүй дээ. Залуу байхдаа төрөл бүрийн уран зохиол, түүхийн ном зохиол их уншдаг байлаа. Одоо ч тэр болгон уран зохиолын ном уншиж чадахгүй юм. Уншвал мэргэжлийн холбоотой зүйлсээ л харах юм. Зурагт, интернэтээр кино үзэх дуртай. Бараг зурагт үздэггүй. Интернэтээс шинэ мэдээ, мэдээлэл унших, сагс, хөл бөмбөг, теннис гээд спортын нэвтрүүлэг үзэх зэргээр нэлээн цагаа өнгөрөөх юм. Яг тийм хоббитой гэж хэлэхэд хэцүү л дээ. Уул хадаар алхах, хөдөө явах дуртай. Хээр явахад нэг л сайхан байдаг.

-Шинжлэх ухааны салбарт ажиллахын утга учирын талаар залуу судлаачдад хандаж юу зөвлөх вэ?

-Залуу хүмүүс цагтай уралдан байж юм бүтээх хэрэгтэй. Би залуучууддаа хандаж “Та нарын эрчимтний ажиллах цаг хязгаартай шүү, нэг мэдэхэд цаг хугацаа одно, өөрсдийгөө байнга цэнэглэж шинэ зүйл сонирхож байхгүй бол хоцрогдоно" гэж хэлдэг юм. Манай шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа залуучууд тогоон дотроо ажилладаг нэг монгол судлаачтай өөрийгөө битгий харьцуул. Өөртэй чинь өрсөлдөж байгаа Хятад, Солонгос, Япон, Европын судлаачидтай өөрийгөө харьцуулах хэрэгтэй..” гэж хэлдэг. Цаг хугацаа хүлээхгүй. Ямар ч гэсэн энэ салбарт ажилласнаараа би ийм юм хийсэн гэж өөртөө итгэлтэй хэлж чаддаг байх хэрэгтэй.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.



Нийтэлсэн: М.Золзаяа

Ж.Тэмүүжин: Эрдэмтдийн олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл Монголыг дэлхийд сурталчилдаг   
Үзсэн: 11610 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Т.Дэжидмаа [127.0.0.xxx] 2024-04-07 13:29
Баярлалаа. Ярилцлагаас их зүйлийг ойлгож авлаа. Амжилт хүсье.
J.t [127.0.0.xxx] 2019-11-25 21:45
Xamag tsagaa shinjlex yxaand zarj yvaa zaluudaa eryyl enx az jargaliig xysey
Zochin [127.0.0.xxx] 2019-11-25 07:06
Shan yariltslaga boljee bayar hvrgemeer bn
Зочин [127.0.0.xxx] 2019-11-23 21:03
Залуу судлаачид улам их амжилт хүсье.
DR. ADITY [127.0.0.xxx] 2019-07-02 03:56
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
Зочин [127.0.0.xxx] 2019-06-07 10:48
Saikhan yeiltslaga boljee Zaluust ulgerlej bgaa erdemten shuu scopust burtgeltei bolgohiin tuluu nut ih hudulmuriig bid bolon hooch ye urgelj ineleg bno
Tungaa [127.0.0.xxx] 2019-06-06 21:27
Vneheer gaihaltai yuma erdemten sudlaachid mini yah argagvi mongol ulsaa olon ulsad surtalchilj. Mun uls ornii hugjild madh tom huvi nemer orulj bga hvmvvs munuus mun yum olon hvmvvs vvniig anzaardaggvigees medehgvi unguruh yumdaa
Зочин [127.0.0.xxx] 2019-06-05 14:14
химийн урвалын кинетикийн тэгшитгэлүүдийн системийг математикчид бодох ёстой.

Бидэнтэй нэгдээрэй