Шууд Chart

Нүд

2024-08-19 12:55:20

Нүд бол дэлхий юм. Хүний амьдралд хосоор заяасан дэлхий. Энэ дэлхий бол гэрэлт замын түүчээ, гэгээн нарны садан юм. Хүн төрөлхтний амьдралын мөнхийн мөрдөгч мөнгөн дэнлүү юм. Харсан бүхнээ хадгалагч гэрэлт цадиг бөлгөө.

Нүд бол сэтгэл юм. Сэтгэл хэмээх энэрэнгүйн оргилоос сад тавин эх авсан горхи юм. Энэ горхи сэтгэлийн тайлал байдаг. Сэтгэл хямарвал горхи үерлэж, мэлмэрүүлэн чиг уйлдаг. Үүнийг нулимс гэнэ. Нулимс бол эгээрэл гэгээрэл, орчил хөдөлгөөн, баяр жаргал, уйтгар гуниг гадагшлах гарц болой... Ингэж сэтгэлийн давалгаа биенээсээ гадагшлахгүй бол сэтгэл хэмээх ариун нандин эрхтэн бөөдийн багтрах нигууртай. Тийм болохоор нүд бол сэтгэлийн гэрэлт зуучийн үүрэгтэй. Нүд нулимсаа гадагшуулсны дараа ямагт тайвшрал, цэлмэг тэнгэр, нумласан солонго, тунарсан их хайр тосдог. Энэ бол нүд дагасан сайн сайхан.

Нүд бол хайр юм. Гоо сайхны өмнө нүд буруугүй гэх. Ертөнцийг хараагүй бол хэн үнэн голоосоо хайрлах вэ... Ийм сайхан цэцэгт ой, тийм сайхан үзэсгэлэнт галбир согоо, дүүрэн цэнхэр нуур, дүүжүү алсын зэрэглээ, инээд баясал дагуулсан алдрай үрс, эжий заяа тунарсан сайхан хүүхнүүд... ээж, аав хоёроо харан харан хайрлах гэдэг юун их аз билээ. Хүний хайрыг нүднээс нь олж харахыг ухаан гэх. Нэгнийгээ хайрлана гэдэг нэгэн лүүгээ харахдаа биш нэг тийшээ зэрэг харахыг л жинхэнэ хайр гэх бөлгөө... 

Нүд бол харанхуйг нээгч түлхүүр юм.

Хүн ер нь сэтгэлээрээ харах, нүдээрээ харах гэсэн хоёр том үйлийг үйлддэг. Сэтгэлээрээ харах нь дотоод ертөнцөө дэлгэн харахыг нүдээрээ харах гэдэг нь харанхуйг гэтэлгэгч үйл болой. Энэ хоёрын зангилаан дээр ертөнц өөрөө тогтном.
Нүд бол хүн бүхний гэрэлт цадиг, алаг дэлхийн цоохор тэмдэглэл, амьд явсныг нотлох туузан бөмбөлөг болой...

Нийтэлсэн: Л.Мөнхтөр

Нүд  
Үзсэн: 1308 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй