Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТөрийн албаны тусгай шалгалт улсын хэмжээнд эхэллээ
1/3
Нийгэм

АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав

АТ
Авлигатай тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав
АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 10 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 347 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 297 мэдүүлгийг хянан шийдвэрлэв.

Одоогоор ажиллагаанд 50 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 155 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 43 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Эдгээрээс 3 гомдол, мэдээлэлд дурдагдсан үйлдэлд холбогдох зөрчлийг тогтоож, хуульд заасан хариуцлага тооцуулахаар шилжүүлэв. Гомдол, мэдээллийг хянан шалгах явцад Сэлэнгэ аймгийн Түшиг сумын удирдах албан тушаалтнуудын болон Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалтан А, Говь-Алтай аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалтан Н нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй болохыг тогтоон, харьяаллын дагуу шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ.

Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав. Хяналт шалгалтын явцад удаа дараагийн гүйлгээгээр тушаасан 19,3 сая төгрөгийг хууль ёсны дагуу олсон болохыгоо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргийг зөрчсөн албан тушаалтнуудад Авлигын эсрэг хуульд заасан хариуцлага тооцуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв. Түүнчлэн тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг байгууллагын нэр бүхий 4 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, илэрсэн зөрчлийг шалгуулахаар шилжүүлсэн байна.

Хуваалцах