Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Улс төр

Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ

ХХ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ
Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр өглөө Батширээт сумын иргэдтэй уулзаж, УИХ-аас баталсан хууль тогтоомж, 2026 оны төсвийн тодотгол, ХХААХҮ-ийн салбарын бодлого, хэрэгжүүлж буй шийдвэрүүдийн талаар мэдээлэл хүргэлээ.

Батширээт сумын нийт газар нутгийн 80 хувийг ойн сан бүхий газар эзэлдэг. Үүнтэй холбоотойгоор баавгайн халдлага нэмэгдэх, баавгай суурин газарт орж ирэх асуудалд иргэд онцгой анхаарал хандуулж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатайг хэллээ. Мөн хүйтний эрч чангарах, хавар эрт үед баавгайн халдлага нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулж, холбогдох байгууллагуудаас тодорхой арга хэмжээ авах санал дэвшүүлэв.

Түүнчлэн батширээтчүүд алслагдсан багуудын үүрэн холбооны сүлжээний хүртээмжийг сайжруулах, Ойн тухай хуульд өөрчлөлт оруулах, “Шинэ хоршоо” төслийн хэрэгжилт, ногоон тэжээл тариалах зэрэг асуудлаар санал хэлж, асуулт асуулаа.

Сүүлийн жилүүдэд тус суманд Онон, Бархын гүүр, дотуур байр, Эрүүл мэндийн төвийн өргөтгөл зэрэг бүтээн байгуулалт хийгдсэн. Мөн 200 суудалтай Соёлын төвийн барилгын ажлыг эрчимжүүлж, энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ирэх 2027 онд Батширээт сумыг чиглэсэн түүхэн аялал жуулчлалын авто замын ажил эхлэхээр төлөвлөгдсөн. Ингэснээр сумын эдийн Засаг, аялал жуулчлалын хүртээмж нэмэгдэнэ.

Тус сумын Онон багт үүрэн холбооны сүлжээ тавих, сум зохион байгуулалтаа хийгээд малчдадаа газар шийдвэл ногоон тэжээл тариалах асуудалд дэмжихээ илэрхийллээ.

Хаврын тариалалтыг дэмжих чиглэлээр Засгийн газраас холбогдох шийдвэрүүд гаргаж, тариаланчдад үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлсэн. Энэ онд 530.4 мянган га талбайд тариалалт хийсэн бөгөөд тариаланчдад олгох зээлийн эх үүсвэрийг 200 тэрбум төгрөгт хүргэж, дөрвөн төрлийн хүнсний ногооны үрийг зээлээр олгохын зэрэгцээ шатахууныг хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн. Үүний үр дүнд энэ намар 1.1 сая тонн ургац хураан авах төлөвтэй байна.

Хуваалцах