Беларусь улстай худалдаа, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн урилгаар 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийв.
Монгол Улсын төрийн тэргүүний Беларусь Улсад хийж буй анхны төрийн айлчлал нь хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг бататгаж, худалдаа, эдийн засаг, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулав.
Айлчлалын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг 2027–2029 онд хөгжүүлэх замын зураглал баталж, ойрын жилүүдийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, спорт, гааль, магадлан итгэмжлэл, харилцаа холбооны салбарт баримт бичгүүдийг байгуулав. Үүнд:
1. “Монгол Улс болон Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын хамтын ажиллагааг 2027-2029 онд хөгжүүлэх замын зураглал”-ын хүрээнд улс төр, худалдаа, эдийн засаг, хүнд болон хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, шинжлэх ухаан, боловсрол, спорт, соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тодорхой ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар тохиролцов.
2. “Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Спортын яам хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд спортын хөгжил, спортын анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийн солилцоог хэрэгжүүлэх, олон улсын спортын арга хэмжээнд хоёр улсын тамирчдыг харилцан оролцуулж, үндэсний шигшээ багуудыг хамтран сургуулилт, бэлтгэл хийлгэх зэрэг чиглэлээр хамтарч ажиллана.
3. “Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөдөө аж ахуй, хүнсний яам хоорондын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг 2027-2029 онд хөгжүүлэх замын зураглал”-ын хүрээнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх, экспортын боломжтой бүтээгдэхүүний талаарх мэдээлэл солилцох, тарифын хөнгөлөлтийг үр ашигтай ашиглах, мал эмнэлэг, хорио цээрийн шаардлагыг хангах асуудлыг шийдвэрлэх, хоёр улсын хөдөө аж ахуйн ажлын хэсгийн хуралдаан зохион байгуулах, үзэсгэлэн, яармаг, форумын чиглэлээр хамтран ажиллана.
4. “Хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Беларусь Улсын концерн “БЕЛЛЕГПРОМ” хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн хүрээнд хөнгөн үйлдвэрийн салбарын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудын хооронд шууд харилцаа тогтоох, үзэсгэлэн, яармаг, бизнес уулзалт, форум, семинар зохион байгуулах, мэдээлэл солилцох, хөрөнгө оруулалтын төслүүдийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана.
5. “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Гаалийн хороо хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд олон улсын бараа нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлыг хангах, худалдааг хөнгөвчлөх, гааль, бизнесийн түншлэлийг хөгжүүлэх зорилгоор гаалийн харилцаанд оролцогчийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн статусыг харилцан хүлээн зөвшөөрнө.
6. “Итгэмжлэлийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний итгэмжлэлийн төв болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Итгэмжлэлийн төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд үндэсний итгэмжлэлийн тогтолцооны дүйцлийг хангах, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хоёр талын итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагуудаас гаргасан тохирлын үнэлгээний үр дүнгийн найдвартай байдал, хүлээн зөвшөөрөх нөхцөлийг хангаж ажиллана.
7. “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэгийн болон соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Баянхонгор аймаг болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Гомель муж хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд орон нутаг хоорондын шууд харилцааг өргөжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээнэ.
8. “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёл, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хэнтий аймаг болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Могилёв муж хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд орон нутаг хоорондын шууд харилцааг өргөжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээнэ.
9. “Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Белтелерадиокомпани” хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд хоёр улсын түүх нийгэм, соёлыг харилцан сурталчлан таниулж, телевизийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ.

Айлчлалаар хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны хоорондын худалдааны түр хэлэлцээрийн боломжийг ашиглах, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэхээд санал нэгдэв. Хөдөө аж ахуйн салбарт Беларусийн техник, технологийг Монголд нэвтрүүлэх, сүүний фермүүдийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн зориулалттай трактор, машин механизм нийлүүлэх, Монгол Улсад трактор угсрах үйлдвэр байгуулах боломжийг хэлэлцэв.
Мөн “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын ноос, ноолуурыг Беларусийн маалингатай хослуулан шинэ төрлийн утас, нэхмэл болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаачилгыг дэмжинэ. Талууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн нөхөн сэргээлт, ойжуулалт, хотын ногоон байгууламжийг хөгжүүлэх, мөн малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар хэлэлцэн тохиров.
Беларусь-Монголын бизнес форумын хүрээнд хоёр талын аж ахуйн нэгжүүд төмөр замын тээвэрлэлт, барлигын салбар болон хөдөө, аж ахуйн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, хүнсний бүтээгдэхүүн болон сүү, сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлт зэрэг салбар, чиглэлийн нийт 11 гэрээ, санамж бичиг байгуулав.
10. “Монгол Улсын Талын хишиг транс ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Могилёвын вагон үйлдвэрлэлийн үйлдвэр ХХК хоорондын худалдааны гэрээ”
11. “Монгол Улсын Минск Беларусийн худалдааны төв ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Бабушкина Крынка НХН хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”
12. “Монгол Улсын Барилгачдын нэгдсэн холбоо болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Барилгачдын холбоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”
13. “Монгол Улсын Агдилер ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Амкодор ХК хоорондын дилерийн гэрээ”
14. “Монгол Улсын Агдилер ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Гомсельмаш ХК хоорондын дилерийн гэрээ”
15. “Монгол Улсын Тулгасайхан ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Санта Бремор ХХК хоорондын гэрээний хугацааг сунгах нэмэлт хэлэлцээр”
16. “Монгол Улсын Витафит ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын ABC company ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”
17. “Монгол Улсын Витафит ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Белгоспищепром ХХК хоорондын гэрээ”
18. “Монгол Улсын Витафит ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Городейский сахарный комбинат ХК хоорондын гэрээ”
19. “Монгол Улсын Витафит ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Жабинковский сахарный завод ХК хоорондын гэрээ”


















