Эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрөл, төрийн үйлчилгээг хялбаршуулж, цахим шилжилтийг эрчимжүүлнэ
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөл олголтын үйл явцыг хялбаршуулж, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор 2026 оны аравдугаар сарын 19-21-ний өдрүүдэд холбогдох байгууллагуудын хамтарсан арга хэмжээг зохион байгуулж байна.
Эдийн засаг, хөгжлийн яамны санаачилгаар зохион байгуулж буй уг арга хэмжээнд Эрчим хүчний яам, Диспетчерийн үндэсний төв, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн албан хаагчид оролцож, зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт, цахим үйлчилгээний хөгжил болон тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байна.
Арга хэмжээний хүрээнд зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, тусгай зөвшөөрөл олгох үйл явцад хийсэн хяналт, шинжилгээний дүн, эрх зүйн зохицуулалтын шинэчлэл болон төрийн албан хаагчдын анхаарах асуудлыг танилцуулж байна. Түүнчлэн Эрчим хүчний яамнаас олгох тусгай зөвшөөрлийн өргөдлийг цахимаар хүлээн авах, шийдвэрлэх үйл явц, техникийн нөхцөл олголт, цахим системийн хөгжүүлэлт, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг хэлэлцэж байна.
Мөн хэрэглэгчдэд үзүүлэх төрийн үйлчилгээг цахимжуулах, техникийн нөхцөл олголтыг хялбаршуулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг түгээх сүлжээнд холбох үйл явцыг боловсронгуй болгох чиглэлээр мэдээлэл солилцоно. Үүний зэрэгцээ цахилгаан эрчим хүчний хэрэглээг ухаалаг тоолуураар цахимаар хянах, хэрэглээгээ удирдан хэмнэх, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг цахимаар байгуулах, шинэчлэх боломжийг танилцуулах юм.
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн зүгээс төвлөрсөн дулаан хангамжийн системийн өнөөгийн байдал, шинээр холбогдох техникийн нөхцөлийн цахим систем, дулааны тоолуурын техникийн нөхцөл олголт, шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өгнө.
Энэхүү арга хэмжээ нь эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөл олголтын үйл явцыг хялбаршуулж, төрийн үйлчилгээг цахимжуулах, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, иргэн, аж ахуйн нэгжийн цаг хугацаа, зардлыг бууруулахад чиглэж байна. Ингэснээр зөвшөөрөл олголтын үйл явцыг илүү ойлгомжтой, шуурхай, ил тод болгож, эрчим хүчний салбарын бизнесийн орчныг сайжруулах нөхцөл бүрдэх юм.



















