Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Нийгэм

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьд хүрчээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьд хүрчээ
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьд хүрчээ. Зураг: МҮОНРТ

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг, Ховд голын Шижигтийн хавцалд хэрэгжиж буй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьд хүрчээ.

Энэхүү төсөл нь дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, импортын хамаарлыг бууруулан, эрчим хүчний бие даасан байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Нийт 266.4 сая ам.долларын өртөгтэй, БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй уг төсөл нь 90 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай бөгөөд 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Төслийн хүрээнд тус бүр 22.5 МВт-ын хүчин чадалтай дөрвөн агрегат бүхий усан цахилгаан станц барьж байгуулах юм.

Барилга угсралтын ажил энэ оны гуравдугаар сард эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 40 хувьд хүрчээ. Төслийн талбайд гүйцэтгэгч компанийн 225 ажилтан, орон нутгийн 250 иргэн тус тус ажиллаж байна. Бэлтгэл ажлын хүрээнд 49.8 км ашиглалтын авто зам, Ховд гол дээрх хоёр гүүр, ажилчдын кемп, бетон зуурмаг, хайрга боловсруулах үйлдвэр, лаборатори, агуулах, засварын цехийн барилгын ажлыг бүрэн дуусгажээ.

855339804_1416391523444917_6648860102744767928_n

Үндсэн байгууламжийн ажлаас голдирол зайлуулах туннелийн гүйцэтгэл 90 хувь, станцын барилгын суурийн ухлага 50 хувь, ус дамжуулах үндсэн туннель 47.11 хувь, ус хаях суваг 40 хувь, станцын барилгын суурийн ажил 12 хувийн гүйцэтгэлтэй байна.

Баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 352.6 сая кВт.цагт хүрч, үүний 294.9 сая кВт.цагийг ОХУ болон БНХАУ-аас импортоор авч байна. Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор жилд дунджаар 366.8 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, дотоодын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах, бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх ач холбогдолтой юм. Түүнчлэн барилгын үе шатанд 800-1000 түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 60–80 хүний байнгын ажлын байр шинээр бий болж, усан санг түшиглэн аялал жуулчлал, усалгаатай газар тариаланг хөгжүүлэх боломж бүрдэнэ.

856518495_1110485201388219_2092817672461657959_n

Төслийн хүрээнд нийт 30 мянга орчим га  талбайг улсын тусгай хэрэгцээнд авсан бөгөөд усан сангийн талбай нь Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Өмнөговь, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сумын нутгийг хамарч байна. Эрдэнэбүрэнгийн УЦС нь баруун бүсийн эрчим хүчний хангамжийг найдвартай болгох, импортын хараат байдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.

Хуваалцах