МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

Гал түймрийн 30 хувь нь цахилгаанаас үүдэлтэй

Өнгөрсөн онд Улаанбаатар хотод гарсан гал түймрийн 33.7 хувь нь цахилгааны буруу холболтоос үүдэлтэй гарчээ. Зөвшөөрөлгүй газар хашаа хатгасан иргэд ойр хавийн айлаасаа дур мэдэн тог авдаг, норм стандартыг дагуу цахилгааны холболт хийдэггүй нь гал алдах эрсдэл үүсгэж байгааг албаныхан хэлж байна.

Б.
Б.Батбаяр

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Гал түймрийн 30 хувь нь цахилгаанаас үүдэлтэй
Гал түймрийн 30 хувь нь цахилгаанаас үүдэлтэй. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн онд Улаанбаатар хотод гарсан гал түймрийн 33.7 хувь нь цахилгааны буруу холболтоос үүдэлтэй гарчээ. Зөвшөөрөлгүй газар хашаа хатгасан иргэд ойр хавийн айлаасаа дур мэдэн тог авдаг, норм стандартыг дагуу цахилгааны холболт хийдэггүй нь гал алдах эрсдэл үүсгэж байгааг албаныхан хэлж байна.

Он гарсаар Нийслэлийн Онцгой байдлын газарт 705 гал түймрийн дуудлага иржээ. Эдгээрээс цахилгааны ачааллыг хэтрүүлсэн, буруу холболт хийсэн зэргээс үүдэлтэй гал түймрийн дуудлага нийт дуудлагын 30 гаруй хувийг эзэлж байна. Дуудлага бүрийн ард хүний амь нас эд хөрөнгөтэй холбоотой асуудал яригддаг учраас иргэд өөрсдийн амь нас эрүүл мэндэд учирч болох эрсдлээс урдчилан сэргийлэх хэрэгтэй байгааг албаны хүмүүс анхааруулж байна.

Уг нь бол Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас гэрээтэй айлууддаа цахилгааны холболтын үйлчилгээг стандартын дагуу холбож үйлчлэх ёстой. Гэвч гэрээ байгуулахын тулд бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтад газар эзэмших гэрчилгээ, кадастрын зургийг заавал хавсаргах шаардлагатай байдаг. Тиймээс газрын зөвшөөрөлгүй айлуудтай гэрээ байгуулах эрх зүйн үндэс байдаггүй аж.

Мөн өндөр хүчдэлийн шугамтай ойр, үерийн далан дээр буусан зэрэг зөрчилтэй айлуудад газрын зөвшөөрөл өгнө гэсэн ойлголт байхгүй гэдгийг газрын албанаас хэлж байна. Харин холбогдох хууль дүрмэнд харшлаагүй, хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байршилд байгаа хэдий ч газар эзэмших эрхийн гэрчилгээгээ аваагүй айл өрхүүдэд өөрийн хүсэлтийн дагуу газрыг эзэмшүүлэх боломжтой юм.

Газар зохион байгуулалт анхнаасаа төлөвлөлт, хяналтгүй явснаас иргэд дур мэдэн зөвшөөрөлгүй газар бууж гал, ус, өндөр хүчдэлийн аюултай нөхцөлд амьдарч байна. Энэ байдлыг цэгцлэхэд ихээхэн цаг хугацаа хөрөнгө мөнгө шаардах нүсэр их ажил хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм байна. Гэхдээ иргэд өөрсдийн эрүүл мэнд аяулгүй байдлыг хангахын тулд төлөвлөлт хийгдсэн газарт зохих дүрэм журмын дагуу газар авч амьдрах хэрэгтэй. Өдөрт л нийслэл хотын хэмжээнд 7-8 айл гал түймэрт өртөж байгаа аюултай нөхцөл байдал үүсээд байгаа учир зөвшөөрөлтэй ч бай, үгүй ч бай иргэд мэргэжлийн байгууллагад хандаж цахилгааны холболтыг стандартын дагуу хийлгэхгүй бол орон гэр, амь насаа ч гал түймэрт алдах эрсдэл өндөр байна гэдгийг албаны хүмүүс хэллээ.

Түлхүүр үг:гал түймэр
Хуваалцах