Гамшгийн үеийн хүмүүнлэгийн зохицуулалт, эрэн хайх, аврах чадавхыг бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо
Мэдээллийн алба

Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газар (OCHA)-тай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн үеийн хүмүүнлэгийн зохицуулалт” сургалтын сургагч багш нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар гамшгийн үед үндэсний болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо, хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, зохицуулах чадавхыг бэхжүүлэх, сургалтын хичээлийн агуулга, хэрэгжилт, зохион байгуулалтын уялдааг хангах талаар санал солилцсон юм.
Тодруулбал, НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг (UNDAC), Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлэг (INSARAG)-ийн хүрээн дэх хамтын ажиллагаа, иргэн-цэргийн зохицуулалт (CMC)-ын асуудлыг хөндөж, эдгээр чиглэлийн мэдлэг, арга зүйг Монгол Улсын гамшгаас хамгаалах удирдлага, зохион байгуулалтын тогтолцоотой уялдуулан сургалт, дадлагад тусгах талаар хэлэлцлээ.
Мөн байгууллагуудын үүрэг, оролцоо, мэдээлэл солилцох болон харилцан дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг сургалтын явцад тодорхой болгож, эзэмшсэн мэдлэг, ур чадварыг практикт хэрэгжүүлэхэд анхаарахыг онцолсон юм.
Уулзалтын үеэр OCHA-гийн төлөөлөгчид Монгол Улс цаашид INSARAG-ийн дунд ангиллын эрэн хайх, аврах багтай болох зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай чиглэлүүдээр тал бүрийн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах боломжтойгоо илэрхийллээ.
ОБЕГ-ын зүгээс гамшгийн үеийн хүмүүнлэгийн зохицуулалт болон олон улсын эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох үндэсний чадавхыг бэхжүүлэхэд энэхүү хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг тэмдэглэж, мэргэжлийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа сургагч багш нарт талархал илэрхийлэв.



















