Газарзүйн заалттай ноос, ноолууран бүтээгдэхүүний баталгаажуулалтын талаар санал солилцов
Мэдээллийн алба

Үндэсний итгэмжлэлийн төв (MNAS)-өөс газарзүйн заалттай ноос, ноолууран бүтээгдэхүүний баталгаажуулалт болон газарзүйн заалтын (GI) тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр ITDM төслийн багийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар Монгол Улсын бүтээгдэхүүний баталгаажуулалтын тогтолцооны өнөөгийн байдал, ноос, ноолууран бүтээгдэхүүнд газарзүйн заалт нэвтрүүлэх боломж, газарзүйн заалттай бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, онцлог шинжийг баталгаажуулахад тохирлын үнэлгээний тогтолцоог ашиглах боломжийн талаар санал солилцов.
Түүнчлэн газарзүйн заалттай бүтээгдэхүүний баталгаажуулалтыг олон улсын нийтлэг зарчим, шаардлагад нийцүүлэх, баталгаажуулалтын байгууллагын чадавх, хараат бус, шударга байдлыг хангах, бүтээгдэхүүн тогтоосон шаардлагад нийцэж буй эсэхийг нотлох үйл явцыг ISO/IEC 17065 стандартад нийцүүлэн хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцлээ.
Өнөөгийн байдлаар Монгол Улсад бүтээгдэхүүний баталгаажуулалтын чиглэлээр 22 бие даасан баталгаажуулалтын байгууллага итгэмжлэгдэн үйл ажиллагаа явуулж байгаагаас газарзүйн заалттай бүтээгдэхүүний баталгаажуулалтын чиглэлээр 4 байгууллага ажиллаж байна. Энэ нь Монгол Улсад газарзүйн заалттай бүтээгдэхүүний баталгаажуулалтын тодорхой туршлага, суурь бүрдсэн байгааг харуулж байна.
Цаашид газарзүйн заалттай ноос, ноолууран бүтээгдэхүүний баталгаажуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, холбогдох байгууллагуудын үүрэг, оролцоог тодорхой болгох, тохирлын үнэлгээ болон итгэмжлэлийн шаардлагыг уялдуулах, Европын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөх баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр санал нэгдлээ.


















