Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУлсын хэмжээнд АИ-92 бензиний 10, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна
1/3
Нийгэм

Хүрээлэн буй орчны эсрэг зөрчил, гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр загварчилсан дадлага сургалт болж байна

БО
Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүрээлэн буй орчны эсрэг зөрчил, гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр загварчилсан дадлага сургалт болж байна
Хүрээлэн буй орчны эсрэг зөрчил, гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр загварчилсан дадлага сургалт болж байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ойн албаны Олон улсын хөтөлбөр, Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Экологийн цагдаагийн алба, Шүүх шинжилгээний ерөнхий газартай хамтран “Хүрээлэн буй орчны эсрэг зөрчил, гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт дадлагажих сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд зохион байгуулна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, АНУ-ын Ойн албаны Олон улсын хөтөлбөртэй 2023 оноос эхлэн “Зэрлэг амьтан, ургамлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хамтран ажиллаж байгаа. Энэ удаагийн сургалтад байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, мөрдөгч, шинжээч, прокурор зэрэг нийт 25 мэргэжилтэн оролцож байна.

Хүрээлэн буй орчны эсрэг зөрчил, гэмт хэргийг илрүүлэх, шалгах, нотлох баримт цуглуулах, шинжлэх, үнэлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бодит нөхцөл байдалд ойртуулан загварчилсан дадлагаар дамжуулан оролцогчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж байгаагаараа энэ удаагийн сургалт онцлогтой.

Сургалтын хүрээнд хууль бусаар мод бэлтгэх, байгалийн ургамал хууль бусаар түүж бэлтгэх, ан агнах, ашигт малтмал хууль бусаар хайх, олборлох, ашиглахтай холбоотой хэргүүдэд симуляци дадлага хийж, хэргийн газарт ажиллах, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бэхжүүлэх, GPS, ArcGIS, QGIS, Google Earth болон зайнаас тандан судлах аргыг ашиглах мэдлэг, ур чадвар эзэмшинэ.

Түүнчлэн зөрчил, гэмт хэргийг илрүүлэх, шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч байгууллагуудын мэдээлэл солилцоо, хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах давуу талтай.

Хуваалцах