Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУлсын хэмжээнд АИ-92 бензиний 10, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна
1/3
Улс төр

Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө

БО
Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө. Зураг: МҮОНРТ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газар, Байгаль орчны улсын хяналтын газраас цахим уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Увс, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймаг болон Нийслэлийн Байгаль орчны газрын дарга нар, холбогдох мэргэжилтнүүд оролцов.

Суурьшлын бүсэд Хүрэн баавгай нэвтрэх болсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын хуралдааны дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/855 дугаартай “Хүрэн баавгайн тоо толгойг зохицуулах тухай” тушаал гарсан юм.

Дээрх тушаалын хэрэгжилтийг хангах чиглэлээр орон нутагт авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодит нөхцөл байдал болон тулгамдаж буй асуудлуудын талаар аймгуудын мэдээллийг сонслоо.

Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням: Баавгайн тоо толгойг зохицуулахдаа холбогдох хууль, журам болон зайлшгүй агнасан тохиолдолд дээж авч судалгаа шинжилгээ, соёлын зориулалт /музей/-аар ашиглах, үлдсэн эд эрхтнийг MNS 6406:2013 стандарт, батлагдсан журам, арга аргачлалын дагуу ариутган устгаж, баримтжуулахыг санууллаа. Мөн Яамны зүгээс орон нутагт шаардлагатай дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн бөгөөд тулгамдаж буй асуудлуудыг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болов.

Байгаль орчны улсын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох: Баавгайн тоо толгойг зохицуулах үйл ажиллагаанд хяналт тавих, хууль бус ан агнуураас сэргийлэх чиглэлээр дараах асуудлуудыг онцолж, шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгалаа:

Ард иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах: Нэн түрүүнд иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, баавгайгаас үүдэлтэй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд илүү анхаарч шуурхай ажиллах.

Мэдээлэл, тайлангийн үнэн зөв, шуурхай байдал: Орон нутагт үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээлэл, тайланг нэгдсэн байдлаар гаргаж, үнэн зөв, шуурхай байдлыг ханган Байгаль орчны улсын хяналтын газарт тухай бүр ирүүлэх.

Хууль бус ан агнуураас сэргийлэх чиглэлээр: Цаг үеийн нөхцөл байдлыг далимдуулан ашиг олох, шунахайн сэдлээр хууль бусаар Хүрэн баавгайг агнах, тэдгээрийн гаралтай эд эрхтнийг худалдах, худалдан авах, ашиглах гэмт хэргийн шинжтэй үйлдлээс урьдчилан сэргийлж, хяналт тавьж ажиллах. Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн тохиолдолд хуулийн дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлэн хариуцлага тооцуулах.

Хуваалцах