МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн зүрхний өвчнийг эрт илрүүлэх “Хүүхдийн зүрхний 7 хоног” аян эхэллээ

Хүүхдийн зүрхний төрөлхийн эмгэгийг эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээний талаарх зөв мэдээллийг олон нийтэд хүргэх, эцэг эх, асран хамгаалагчдад мэргэжлийн зөвлөгөө өгөх зорилготой “Хүүхдийн зүрхний 7 хоног” аян эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Хүүхдийн зүрхний өвчнийг эрт илрүүлэх “Хүүхдийн зүрхний 7 хоног” аян эхэллээ
Хүүхдийн зүрхний өвчнийг эрт илрүүлэх “Хүүхдийн зүрхний 7 хоног” аян эхэллээ. Зураг: МҮОНРТ

Хүүхдийн зүрхний төрөлхийн эмгэгийг эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээний талаарх зөв мэдээллийг олон нийтэд хүргэх, эцэг эх, асран хамгаалагчдад мэргэжлийн зөвлөгөө өгөх зорилготой “Хүүхдийн зүрхний 7 хоног” аян эхэллээ.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасгаас зохион байгуулж буй аяны хүрээнд хүүхдийн зүрхний эрүүл мэнд, төрөлхийн эмгэгийн эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулахаас гадна оношилгоо, эмчилгээний сүүлийн үеийн ололт, мэс заслын тусламж үйлчилгээний талаар мэдээлэл хүргэнэ.

Тухайлбал, 9 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд 13:00-16:00 цагийн хооронд Улсын гуравдугаар төв эмнэлгийн 322 тоотод “Эрт илрүүлэг ба оношилгоо” үйл ажиллагааг зохион байгуулна. Энэ үеэр хүүхдийн зүрхний эмгэгийн эрт илрүүлэг, зүрхний эхо шинжилгээ, оношилгоо хийж, эмчийн зөвлөгөө өгнө.

Мөн аяны үеэр хүүхдийн зүрхний мэс заслын эмчилгээний үр дүн, амжилттай хийгдсэн нарийн төвөгтэй мэс заслын тохиолдол, мэс заслын өмнөх болон дараах үеийн тусламж үйлчилгээ, олон улсын хамтын ажиллагааны талаар цуврал мэдээлэл хүргэх юм.

Монгол Улсад хүүхдийн зүрхний мэс заслын тусламж үйлчилгээ 60 гаруй жилийн түүхтэй. 1958 онд анхны мэс заслыг хийж эхэлсэн бол 1970 оноос цусны зохиомол эргэлтийн аппарат ашиглан зүрхний мэс засал хийх боломж бүрджээ. Улмаар 1972 оноос төрөлхийн зүрхний гажгийг засах мэс заслыг хийж эхэлсэн түүхтэй.

Өнгөрсөн хугацаанд эмчилгээний арга, технологи хөгжиж, олон улсын хамтын ажиллагаа өргөжсөнөөр өнөөдөр хүүхдийн зүрхний төрөлхийн болон олдмол эмгэгийн, тэр дундаа нарийн төвөгтэй зүрхний мэс заслын тусламж үйлчилгээг эх орондоо үзүүлэх боломж бүрдсэн байна. Сүүлийн жилүүдэд эмч, мэргэжилтнүүдийг олон улсын сургалт, дадлагад хамруулах, орчин үеийн тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлэх замаар оношилгоо, эмчилгээний чадавхыг улам нэмэгдүүлж байна.

Хүүхдийн зүрхний эмгэгийг эрт илрүүлж, цаг алдалгүй оношлох нь шаардлагатай эмчилгээг зөв хугацаанд эхлүүлэх, цаашдын эрүүл мэнд, амьдралын чанарыг хамгаалахад чухал ач холбогдолтой.

Хүүхдийн зүрхний 7 хоног” аян 9 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Хуваалцах