Хууль, эрх зүйн шинэчлэлтийг эрчимжүүлж, оны эцсийн ажлын гүйцэтгэлийг шахаж ажиллахыг үүрэг болголоо
Мэдээллийн алба

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.10.26) болж, хуралдааныг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явууллаа.
Хуралдаанаар салбарын хууль, эрх зүйн шинэчлэл, иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн өргөдөл, хүсэлтийн шийдвэрлэлт, шатахууны хангамж, нийлүүлэлт, агаарын хөлгийн түлшний стандарт болон оны эцсийн ажлын гүйцэтгэлийн талаар хэлэлцэж, холбогдох газар, нэгжийн удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө.
САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт батлагдсантай холбогдуулан салбарын бусад хууль тогтоомжийн шинэчлэлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Тухайлбал, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Хүнд үйлдвэрийн тухай хууль, Газрын тосны тухай хууль болон тэдгээртэй холбоотой дүрэм, журмын төслүүдийг шуурхай боловсруулж, холбогдох шатанд хэлэлцүүлэн батлуулах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон юм.
ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИЙН ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТИЙГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ
Хуралдаанаар иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн өргөдөл, хүсэлт, тэр дундаа гэрээт талбайтай холбоотой асуудлуудын шийдвэрлэлтийг эрчимжүүлэх чиглэл өгч энэ хүрээнд хүсэлт бүрийг холбогдох хууль тогтоомж, тавигдах шаардлагын дагуу нягтлан үзэж, шийдвэрлэх боломжтой эсэхийг тодорхой болгохыг үүрэг болгосон юм.
Мөн шийдвэрлэх боломжтой асуудлыг шуурхай шийдвэрлэж, боломжгүй тохиолдолд хууль, эрх зүйн үндэслэлийг тодорхой тайлбарлан, иргэн, аж ахуйн нэгжүүдэд ойлгомжтой хариу өгөхийг анхаарууллаа.
АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШНИЙ СТАНДАРТЫГ БАТЛУУЛАХЫГ ДААЛГАЛАА
Шатахууны хангамж, нийлүүлэлтийн нөхцөл байдалтай холбогдуулан импортын эх үүсвэрийг төрөлжүүлж гуравдагч болон бусад улс орноос шатахуун нийлүүлэх боломжийг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор Монгол Улсад ашиглах онгоцны түлшний төрөл, түүнд тавигдах стандартын шаардлагыг тодорхой болгож, холбогдох стандартыг батлуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг «Эрчис Ойл» компанид даалгав.
Импортын эх үүсвэр нэмэгдэж буй нөхцөлд агаарын хөлгийн түлшний стандартын зохицуулалтыг тодорхой болгох нь, түлшний чанар, аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.
ОНЫ ЭЦСИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ШАХАЖ АЖИЛЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
2026 он дуусах ойртож байгаатай холбогдуулан яамны газар, нэгжүүдийн төлөвлөсөн ажлын хэрэгжилт, хугацаатай үүрэг даалгаврын биелэлт, шийдвэрлэгдээгүй асуудлуудын талаар хэлэлцлээ.
Тэрбээр хариуцсан ажлынхаа явц, гүйцэтгэлийг тогтмол хянаж, удаашралтай байгаа асуудлуудыг шуурхай шийдвэрлэх, газар, нэгжүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах шаардлагатайг онцоллоо.
Хуралдааны төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх, иргэн, аж ахуйн нэгжийн өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэх, онгоцны түлшний стандартыг батлуулах, оны эцсийн ажлын гүйцэтгэлийг шахаж ажиллахыг холбогдох газар, нэгжийн удирдлагуудад үүрэг болголоо.


















