МҮОНРТ
ШУУРХАЙУлаанбаатар хот, 21 аймгийн төвийн агаарын чанарыг автоматаар хянах тогтолцоо бүрдлээ
Улс төр

Майамид ачааны онгоц осолдож, таван хүн амиа алджээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Майамид ачааны онгоц осолдож, таван хүн амиа алджээ
Майамид ачааны онгоц осолдож, таван хүн амиа алджээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Флорида мужийн Майами олон улсын нисэх буудалд Amazon компанийн ачаа тээвэрлэж байсан Boeing 767 онгоц газардах үедээ нислэгийн зурвасаас гарч осолдсоноор таван хүн амиа алдаж, таван хүн гэмтжээ.

Осол есдүгээр сарын 6-ны орон нутгийн цагаар 14:00 цагийн орчимд болсон байна. Пуэрто Рикогийн Сан-Хуан хотоос Майамид ирж байсан онгоц газардах үедээ зурвасыг хэтрэн гарч, нисэх буудлын ойролцоох авто зам руу орж хэд хэдэн автомашин мөргөжээ.

Амь үрэгдсэн хүмүүсийн хэн нь онгоцонд, хэн нь автомашинд зорчиж байсан талаар албаныхан одоогоор дэлгэрэнгүй мэдээлээгүй байна. Гэмтсэн таван хүний гурвынх нь биеийн байдал хүнд байгаа аж.

Ослын дараа онгоцонд гал гарч, нисэх багийн гишүүд болон автомашинд байсан зарим хүн гацсан байна. Аврах, гал унтраах ажиллагаанд 200 орчим алба хаагч оролцож, шатахуун алдагдсан хэсгийг аюулгүй болгохоор ажиллажээ.

Осолдсон Boeing 767 онгоцоор Хойд Каролина мужид төвтэй 21 Air компани Amazon-ийн Prime Air ачаа тээврийн нислэгийг гүйцэтгэж байжээ. Тус онгоц 32 жилийн өмнө үйлдвэрлэгдсэн бөгөөд анх зорчигч тээврийн зориулалттай байсан ч 2015 онд ачааны онгоц болгон өөрчилсөн байна.

Ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. Тухайн үед Майами орчимд аянга цахилгаантай бороо орж, хүчтэй салхитай байсан ч цаг агаар осолд нөлөөлсөн эсэх нь тодорхойгүй байгаа юм.

АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ.

Ослын улмаас Майами олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа хэдэн цаг саатаж, 160 гаруй нислэг цуцлагдаж, 325 орчим нислэг хойшилсон байна.

Хуваалцах