МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлж байна
Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлж байна. Зураг: МҮОНРТ

Дорнод, Сүхбаатар аймагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлт бүртгэгдсэнтэй холбогдуулан халдварын тархалтыг хязгаарлах, эрсдэлийг бууруулах чиглэлээр дархлаажуулалт, хорио цээр, хөдөлгөөний хяналт, тандалтын арга хэмжээг хэрэгжүүлж байна. Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот суманд наймдугаар сарын 20–21-нд шүлхийн анхны голомт илэрсэн бол Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд наймдугаар сарын 22-нд сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, наймдугаар сарын 24-нд онош баталгаажсан. Сүхбаатар аймагт бүртгэгдсэн голомт нь Дорнод аймгийн Дашбалбар сумаас мал шилжүүлэн авчирсантай холбоотой бөгөөд хоёр дэгдэлт эпидемиологийн хувьд шууд хамааралтай байна.

2,092 МАЛ ӨВЧИЛЖ, 44,882 ТОЛГОЙ МАЛЫГ ДАРХЛААЖУУЛЖЭЭ

Дэгдэлтийн хүрээнд Дорнод аймагт 1,879, Сүхбаатар аймагт 213, нийт 2,092 толгой мал өвчилсөн байна. Харин аль ч аймагт өвчилсөн малыг устгалд оруулаагүй. Халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Дорнод, Сүхбаатар аймагт нийт 44,882 толгой малыг дархлаажуулжээ. Дорнод аймагт яаралтай дархлаажуулалтаар 10,000 мэдрэмтгий малаас 8,743 толгой буюу 87.4 хувийг хамруулсан бөгөөд дархлаажуулалтын хоёрдугаар ээлж долоон суманд үргэлжилж байна. Мөн 11,500 тун вакцины нөөц бүрдүүлжээ. Сүхбаатар аймагт голомт болон сэжигтэй бүсийн 33,000 толгой малд дархлаажуулалт хийхээр төлөвлөснөөс 36,139 толгой мал буюу зорилтот тооноос давсан хэмжээнд хамруулсан байна. Түүнчлэн хил залгаа сумдын 46 өрхийн 4,912 үхрийг БНХАУ-аас нийлүүлсэн 5,000 тун вакцинаар дархлаажуулах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд одоогоор 21 өрхийн 1,173 үхрийг хамруулаад байна.

ХОРИО ЦЭЭР, ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯНАЛТЫГ ЧАНГАТГАЖЭЭ

Дорнод аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, малын гарал үүслийн бичиг олголт болон мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон. Голомтын бүсийг улаан, сэжигтэй, хамгаалалтын гэсэн гурван давхар бүсэд хуваан хяналт тавьж байна. Тус аймагт дөрвөн замын хяналтын пост ажиллаж, тухайн өдөр 182 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлсэн бөгөөд зөрчил илрээгүй байна. Сүхбаатар аймагт голомтын бүсэд хоёр суурин, гурван хөдөлгөөнт, нийт таван хяналтын пост ажиллаж байна. Наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 253 тээврийн хэрэгсэл, 573 иргэнийг хяналттайгаар нэвтрүүлжээ.

ТАНДАЛТААР ШИНЭ ӨВЧЛӨЛ ИЛРЭЭГҮЙ БАЙНА

Сүхбаатар аймагт Дорнодтой хил залгаа сумдын 132 өрхийг хамруулсан тандалт хийж, улмаар аймгийн хэмжээнд нийт 380 өрхийг эмнэлзүйн шинж тэмдэгт суурилсан идэвхгүй тандалтад хамруулжээ. Тандалтаар шүлхийн шинж тэмдэг илрээгүй байна. Сүхбаатар аймагт наймдугаар сарын 27-ноос хойш шинэ өвчлөл бүртгэгдээгүй бөгөөд өвчилсөн бүх үхрийн эмнэлзүйн шинж тэмдэг арилсан байна. Харин Дорнод аймагт голомтын бүсийн халдварын тархалт үргэлжилж байгаа тул тандалт, дархлаажуулалтын арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна. Мөн Эрдэнэцагаан, Халзан, Дарьганга сумдад зээрийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байгааг эрсдэлийн мэдээлэлд бүртгэн авч, зэрлэг амьтдаар дамжин халдвар тархах эрсдэлийг анхаарч байна.
Дэгдэлтийн хариу арга хэмжээний хүрээнд Дорнод аймагт 9,500, Сүхбаатар аймагт 110,300, нийт 119,800 метр квадрат талбайд халдваргүйтгэл хийсэн байна.

Хуваалцах