Монгол Улс эхний 8 сард 8.4 тэрбум ам.долларын бараа импортолжээ
Мэдээллийн алба

Монгол Улс 2026 оны эхний найман сарын байдлаар нийт 8 тэрбум 373.5 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсон талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Импортын бүтцэд нефтийн бүтээгдэхүүн хамгийн өндөр буюу 22.1 хувийг эзэлж, нийт 1 тэрбум 846.8 сая ам.долларт хүрсэн байна. Мөн суудлын автомашины импорт 711.9 сая, ачааны автомашиных 309.1 сая ам.доллар байжээ.
Тайлант хугацаанд автобензин болон дизель түлшний импорт өмнөх оны мөн үеэс өссөн бол суудлын болон ачааны автомашины импорт буурсан үзүүлэлттэй байна.
Импортын гол нэрийн бараанаас булдозер, авто хусуур, тэгшлэгч болон бусад механик тоног төхөөрөмж 239 сая ам.доллар буюу нийт импортын 2.9 хувийг эзэлжээ. Харин телефон, цахилгаан шуудан, холбооны бусад тоног төхөөрөмжийн импорт 174.2 сая, цахилгаан эрчим хүчний импорт 162.6 сая ам.долларт хүрсэн байна.
Хүнсний бүтээгдэхүүний импортын хувьд хэд хэдэн нэр төрлийн барааны хэмжээ өмнөх оны мөн үеэс өсжээ. Тухайлбал, улаанбуудайн импорт 133 мянган тонн болж 13.8 дахин, хүнсний ногоо 104.6 мянган тонн болж 10.1 хувиар, элсэн чихэр 46.9 мянган тонн болж 17.8 хувиар өссөн дүн гарчээ.
Мөн жимс, самрын импорт 57.4 мянган тонн болж 38.2 хувиар, тахиа, гахайн мах болон өөхний импорт 35.9 мянган тонн болж 29.4 хувиар тус тус нэмэгджээ.



















