Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТөрийн албаны тусгай шалгалт улсын хэмжээнд эхэллээ
1/3
Нийгэм

Монгол Улс Индонез улстай эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулав

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Монгол Улс Индонез улстай эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулав
Монгол Улс Индонез улстай эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Филиппин Улсын Манила хотноо зохион байгуулагдаж буй ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 77 дугаар чуулганы үеэр Бүгд Найрамдах Индонез Улсын Эрүүл мэндийн сайд Буди Гунади Садикинтэй уулзаж, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Уулзалтаар эм, вакцины зохицуулалтын тогтолцоог бэхжүүлэх, цахим эрүүл мэндийг хөгжүүлэх, хоёр улсын мэргэжлийн байгууллагуудын техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ярилцав.

Эм, вакцины зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллана

Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Индонез Улсын Хүнс, эмийн хяналтын агентлаг 2025 онд вакцины зохицуулалтын чиглэлээр ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн жагсаалтад багтсан нь чухал амжилт болохыг онцолж, хоёр улсын эмийн зохицуулалт хариуцсан байгууллагуудын техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх санал дэвшүүлэв.

Цахим эрүүл мэндийн туршлага солилцоно

Индонез Улсын Үндэсний эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформыг хөгжүүлсэн туршлагыг судалж, Монгол Улсад цахим эрүүл мэндийг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцов.

Индонез Улсын Эрүүл мэндийн сайд Буди Гунади Садикин цахим эрүүл мэнд, эм, вакцины зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, Монголын мэргэжлийн багийг ойрын хугацаанд урьж, туршлагаа хуваалцахаа нотлов.

Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бүгд Найрамдах Индонез Улсын Эрүүл мэндийн яам хоорондын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа албан ёсоор баталгаажууллаа.

Талууд санамж бичгийн хэрэгжилтийг хангахын тулд хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл бүрээр тодорхой арга хэмжээ төлөвлөх, хариуцсан байгууллага, холбоо барих цэгүүдийг томилох, хэрэгжилтийг хянах механизм бүрдүүлэх, үүрэг хариуцлага болон хугацааг харилцан тохиролцох нь чухал болохыг онцлов.

Энэхүү санамж бичиг нь Монгол, Индонез улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгох, эмийн зохицуулалт, цахим эрүүл мэндийн хөгжлийг дэмжих чухал алхам юм.

Хуваалцах