Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Улс төр

Монгол Улс тархины харвалттай тэмцэх олон улсын хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Улаанбаатарын тунхаглалыг баталлаа

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улс тархины харвалттай тэмцэх олон улсын хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Улаанбаатарын тунхаглалыг баталлаа
Монгол Улс тархины харвалттай тэмцэх олон улсын хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Улаанбаатарын тунхаглалыг баталлаа. Зураг: МҮОНРТ

“Тархины харвалтын дэлхийн дээд хэмжээний уулзалт – Монгол Улс, 2026” олон улсын арга хэмжээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, Монгол Улс болон Дэлхийн харвалтын байгууллага (World Stroke Organization)-ын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, “WSS Mongolia 2026 — Улаанбаатарын тунхаглал”-ыг баталлаа.

Уулзалтад олон улсын эрдэмтэн, судлаач, эмч мэргэжилтнүүд, төр, эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл, харвалттай иргэдийн төлөөлөл зэрэг 100 орчим оролцогч оролцож, тархины харвалтаас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр санал солилцов.

Хамтын ажиллагааны санамж бичиг болон Улаанбаатарын тунхаглал нь харвалтаас урьдчилан сэргийлэх бодлогыг бэхжүүлэх, олон улсын нотолгоо, сайн туршлагыг нэвтрүүлэх, мэргэжилтнүүдийн чадавхыг хөгжүүлэх, тусламж үйлчилгээний тогтолцоог сайжруулахад чиглэж байна.

Уулзалтын үеэр Монгол Улсад 2027–2031 онд хэрэгжүүлэх тархины харвалтын үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, харвалтын тусламж үйлчилгээний үндэсний сүлжээг хөгжүүлэх, үндэсний бүртгэл, чанарын хяналтыг сайжруулах шаардлагыг онцоллоо.

Тархины харвалтын үр дагаврыг бууруулахад эрсдэлт хүчин зүйлсийг хянах, өвчний шинж тэмдгийг эрт таних, яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх, эмчилгээний дараах сэргээн засалтыг хүртээмжтэй болгох нь нэн чухал юм.

Харвалтаас урьдчилан сэргийлэх, цаг алдалгүй тусламж авах, чанартай эмчилгээ, сэргээн засалтаар иргэдийн амьдралын чанарыг хамгаалах үйлсэд олон улсын хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхээр ажиллаж байна.

Хуваалцах