Монголд удаан хугацаагаар оршин суугаа гадаадын иргэдийн тоо өсжээ
Мэдээллийн алба

Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогын дүнгээр Монгол Улсад зургаа болон түүнээс дээш сарын хугацаагаар оршин суугаа гадаадын харьяат иргэдийн тоо 35 446 болжээ.
Энэ нь 2020 оны тооллогын дүнтэй харьцуулахад 58.1 хувиар өссөн үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэдийн 60.1 хувь нь БНХАУ-ын иргэд байгаа нь 2020 оны 41.7 хувиас нэмэгдсэн байна.
Харин ОХУ-ын иргэдийн эзлэх хувь 11.6-аас 8.5 хувь, БНСУ-ынх 9.9-өөс 4.8 хувь, АНУ-ынх 10.6-аас 3.2 хувь болж буурчээ.
Бусад улсын иргэд нийт гадаадын иргэдийн 23.6 хувийг эзэлж байна.

Оршин суух зорилгоор нь авч үзвэл гадаадын иргэдийн 51.4 хувь нь хөдөлмөр эрхлэх, 15.6 хувь нь хөрөнгө оруулах, 15.0 хувь нь суралцах зорилготой байна. Мөн 8.5 хувь нь гэр бүлийн шалтгаанаар, 4.6 хувь нь цагаачлах, 3.0 хувь нь хувийн зорилгоор Монгол Улсад оршин сууж байгаа аж.
Статистикийн мэдээллээс харахад Монгол Улсад удаан хугацаагаар оршин суугаа гадаадын иргэдийн талаас илүү хувь нь хөдөлмөр эрхлэх зорилготой байгаа бөгөөд хөрөнгө оруулалт, суралцах зорилготой иргэд мөн өндөр хувийг эзэлж байна.



















