Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУлсын хэмжээнд АИ-92 бензиний 10, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна
1/3
Нийгэм

"Номт наран", 18 дугаар сургуулийн сурагчид "Сонгууль" зохион байгууллаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
"Номт наран", 18 дугаар сургуулийн сурагчид "Сонгууль" зохион байгууллаа
"Номт наран", 18 дугаар сургуулийн сурагчид "Сонгууль" зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Сонгуулийн ерөнхий хорооны албан хаагчид Ерөнхий боловсролын "Номт наран", Нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад өнөөдөр (2026.10.21) сонгох, сонгогдох эрхийн талаар сургалт мэдээлэл хийж, санал тоолох төхөөрөмж танилцуулан ангийн даргаа сонгох "сонгууль" (mock election) зохион байгууллаа.

860006525_1915483279836565_5607835055234029502_n


Анх удаа сонгуульд оролцох гэж байгаа залуу сонгогчдод сонгуулийн үйл явц, сонгох сонгогдох эрх, ардчилсан сонгуулийн оролцооны талаар мэдээлэл өгөх, туршилтын сонгууль (mock election)-аар дадлага хийлгэх уг арга хэмжээг Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн референт Ц.Номин, Б.Болор-Эрдэнэ, Мэдээллийн технологийн төвийн Программ хангамжийн хэлтсийн дарга Б.Батсайхан, ахлах мэргэжилтэн С.Дэмбэрэл, Б.Догсом нар чиглүүлэн удирдав.

856630293_2317840222401892_5411413737966126837_n


Ерөнхий боловсролын "Номт наран хүмүүнлэг" сургуулийн нийгмийн ухааны багш Б.Гантулга ардчилсан сонгууль, сонгох сонгогдох эрхийн талаар нийгмийн ухааны хичээлийн агуулгыг бататгах, сонгуульд оролцох арга зүйд суралцахын ач холбогдлыг танилцуулсны дараа Сонгуулийн ерөнхий хорооны албан хаагчид залуу сонгогчдод зориулсан "V-Check" хөтөлбөрийн дагуу сургалт хийв. Түүнчлэн санал тоолох төхөөрөмжийн ажиллагаа, санал тоолох, хяналтын тооллого хийх талаар танилцуулсны дараа сурагчид ангийн даргаа сонгох "сонгууль" зохион байгууллаа.

Хоёр сургуулийн сурагчид дөрвөн багт хуваагдан, мөрийн хөтөлбөрөө танилцуулан сурталчилгаа хийв. Нэр дэвшүүлэхдээ жендэрийн харьцааг хангах хуулийн холбогдох шаардлагыг хангах, санал авах байр бэлдэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх, санал авах байранд ажиллах хэсгийн хорооны гишүүд тусгай хэрэгцээт иргэдтэй харьцах арга зүйл суралцсан байхыг Сонгуулийн ерөнхий хорооны албан хаагчид чиглүүлсэн юм.

22881ac0-4404-4578-a4d4-9a4509acb8af


"Сонгууль"-ийн сурталчилгаа дууссаны дараа сурагчид сургалтын саналын хуудаст саналаа тэмдэглэж, санал тоолох төхөөрөмжид уншуулав. Санал хураалтын дүн гарсны дараа баг бүрийн төлөөллийг ажиглагчаар оролцуулан хяналтын тооллого хийснээр "сонгууль" (mock election) дууссан юм. Санал тоолох төхөөрөмжийн дүн, хяналтын тооллогын дүн зөрүүгүй байгааг сурагчдаас томилогдсон ажиглагчид хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэв.

Сургалт, туршилтын сонгуульд оролцсон сурагчид сонгуулийн зохион байгуулалт, сонгогчийн эрх, үүрэг, саналын нууцлал, санал тоолох үйл явц, сонгуулийн ил тод байдлын талаар мэдлэгтэй болж, мөрийн хөтөлбөртэй танилцах, бие даан сонголт хийх чадварт суралцсанаараа ач холбогдолтойг онцолж байсан юм.

Энэ удаагийн сургалтыг Сонгуулийн ерөнхий хороо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-тэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд КОИКА–НҮБХХ-ийн хамтарсан "Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог дээшлүүлэх нь төслийн 2 дугаар үе шат"-ны үйл ажиллагааны нэг хэсэг болгон зохион байгууллаа.

Хуваалцах