МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна. Зураг: МҮОНРТ

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт дэх нийт 158 га талбайг хамарсан “Сэлбэ хот” төслийн бүтээн байгуулалтын явц 38.6 хувьтай хэрэгжиж байна.

Энэ нь одоогийн 3, 4 дүгээр хорооллыг Өнөр хороололтой нэгтгэсэнтэй дүйх хэмжээний бүтээн байгуулалт юм.

5.jpg

Өнөөдрийн байдлаар төслийн зарим барилгын өрлөг болон цонх, фасад, дотор засал, шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж байна. Тухайлбал, ундны усны шугам сүлжээнд зэс хоолойг ашиглаж буй нь оршин суугчдын хүнсний хэрэглээнд тохиромжтой бөгөөд зэс нь бактерийн үржлийг дарангуйлах шинж чанартай тул ус дамжуулах шугамд эрүүл ахуйн давуу талтай. Мөн механик бат бөх, ашиглалтын хугацаа урт байхаас гадна хуванцар хоолойтой харьцуулахад зэс нь шатдаггүй, өндөр температурт илүү тэсвэртэй аж. Төсөлд ашиглаж буй зэс хоолой нь MNS EN 1057 стандартыг хангасан бөгөөд энэ нь Европын EN 1057 стандарттай холбоотой. Өөрөөр хэлбэл, EN 1057 стандарт нь халуун болон хүйтэн усны түгээх сүлжээнд ашиглахад тохиромжтой бөгөөд оёдолгүй зэс хоолойд тавигдах техникийн шаардлагыг тодорхойлдог. Оёдолгүй зэс хоолой нь даралт болон механик ачааллыг найдвартай даахаас гадна хоолойн уртын дагуу гагнаасгүй учир гагнаасны гэмтэл, салалттай холбоотой эрсдэл байдаггүй. Түүнчлэн зэврэлт,  өндөр температурт тэсвэртэй, галд шатдаггүй зэрэг давуу талтайг “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн Чанарын хэлтсийн менежер Д.Одгэрэл онцолсон.

6.jpg

"Сэлбэ дэд төв"-ийг дулаанаар хангах 63 МВт Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай үргэлжилж байна. Станцын эхний туршилт тохируулгыг энэ оны арванхоёрдугаар сарын сүүлчээр хийж дуусгахаар төлөвлөжээ. Энэхүү станц бүрэн ашиглалтад орсноор Дамбадаржаа болон Сэлбэ дэд төв орчмын 5000 өрхийг дулаанаар хангах юм. Мөн нийслэлийн дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, өвлийн оргил ачааллын үед үүсдэг дулааны хэрэглээний хязгаарлалтыг бууруулахад чухал ач холбогдолтой.

12.jpg

Сэлбэ хотод нийт 8600 орчим өрхийн 113 блок орон сууц, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж болон 8 км авто зам, 39 км явган зам, 23 км дугуйн зам, 3,6 га талбайд тоглоомын талбай, мөн амралт чөлөөт цаг өнгөрөөх хүрээлэн барихаар төлөвлөсөн. Төслийн нийт талбайн  37 хувь буюу 58 га-д ногоон байгууламж барих бөгөөд энэ нь нэг айл өрхөд ногдох ногоон байгууламжийн хүртээмж ихтэй төсөл болж байна. Үүний үр дүнд тухайн бүсийн агаарын бохирдол эхний ээлжид 1.4%, хэтдээ 7.7 хувиар буурах судалгаа гарсан.

Хуваалцах