Шатахууны хүлээгдэл ихтэй аймгуудад хангамжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Мэдээллийн алба

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамжийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хурал боллоо.
Хурлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан зохион байгуулж, цаг үеийн холбогдох мэдээллүүдийг сонсон, тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө.
Есдүгээр сарын эхний долоо хоногт Монгол Улсын хилээр нийт 19853 тонн АИ92 автобензин орж ирээд байна.
Шуурхай штабын зүгээс нефть импортлогч аж ахуйн нэгжүүдэд вагон буулгалт, шилжүүлэн ачих явцыг эрчимжүүлэх, боомтуудын бэлэн байдлыг хангуулах үүрэг чиглэлүүдийг өглөө.
Хөдөө, орон нутагт байрлах ШТС-уудын дундаж хүлээгдэл 54 машин байна.
Харин Баян-Өлгий аймаг 105, Дорнод 85, Дорноговь 90, Завхан 85, Өмнөговь 90 тус тус хүлээгдэлтэй байна.
Иймээс ачаалал өндөр байгаа дээрх аймгуудад шатахууны хангамжийг нэмэгдүүлэх, бусад хэвийн түвшинд байгаа аймаг, сумдад тогтвортой, тасалдалгүй нийлүүлэхийг санууллаа.
Мөн газар тариалангийн бүс нутгуудад автобензин, дизель түлшний хангамжийг эрчимжүүлж, нөөцийг нь нэмэгдүүлэх үүргийг шуурхай штабаас холбогдох байгууллага, албан тушаалтнуудад өглөө.



















