Шатахууны нөөц, нийлүүлэлт болон түгээлтийн хяналтыг эрчимжүүлж байна
Мэдээллийн алба

Шатахууны шуурхай штабын хуралдаанаар улсын хэмжээнд шатахууны нөөц, импортын нийлүүлэлт, түгээлтийн нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 бензиний 22 мянган тонн буюу 10 хоногийн, АИ-95 бензиний 2,079 тонн буюу 17 хоногийн, дизель түлшний 108 мянган тонн буюу 27 хоногийн, онгоцны түлшний 7,089 тонн буюу 34 хоногийн нөөцтэй байна.
Энэ сард ОХУ, БНХАУ болон гуравдагч улсуудаас нийт 78 мянган тонн АИ-92 бензин импортлохоор төлөвлөснөөс 38 мянган тонн нь нийлүүлэгдээд байна.
Мөн АИ-92 бензиний үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан Монополын эсрэг газраас аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж байгаа бөгөөд Цагдаагийн ерөнхий газраас шатахуун олголттой холбоотой иргэдийн гомдол, мэдээллийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
Иргэдэд шатахууны түгээлтийн мэдээллийг ил тод, шуурхай хүргэх зорилгоор АМГТГ-ын шатахууны менежментийн системийгBenzin.mnплатформтой холбох ажлыг зохион байгуулж, Улаанбаатар хотын 264 шатахуун түгээх станцын шатахуун хүлээн авсан хугацаа, олгож буй түлшний төрөл, дарааллын мэдээллийг бодит цагийн горимоор харах боломж бүрдүүлж байна.
Түүнчлэн замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор төв зам дагуух зарим ШТС-ыг шатахуунаар тасралтгүй хангаж, 24 цагаар ажиллуулах арга хэмжээ авахаар төлөвлөжээ.
Мөн шатахууны чанарт хийсэн лабораторийн шинжилгээний үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлэхээр боллоо.


















