МҮОНРТ
ШУУРХАЙЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан
1/3
Соёл, спорт

Швед дэх Шагайн харвааны “Дундговь” багийн 10 жилийн ой боллоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Швед дэх Шагайн харвааны “Дундговь” багийн 10 жилийн ой боллоо
Швед дэх Шагайн харвааны “Дундговь” багийн 10 жилийн ой боллоо. Зураг: МҮОНРТ

Швед дэх Шагайн харвааны “Дундговь” багийн 10 жилийн ой боллоо.

Тус баг нь 2016 онд анхны бүрэлдэхүүнээрээ Баяр наадмын харваанд оролцсоноос хойш өнөөг хүртэл багийнхаа үндсэн гишүүдийн цөм болон залгамж халаагаа алдахгүйгээр Европ тив тэр дундаа Скандинавийн орнууддаа өндөр амжилтыг үзүүлсэн хэвээр байгаа юм.

Аливаа багийн удаан хугацаанд тогтвортой өндөр амжилтыг үзүүлэх болсон учир шалтгаанаа шагайн багийн най буюу багийн уухайтай, эрчүүдийн нөхөрлөлийн үнэ цэнэ бүхий нэгэн зорилго дор нэгдэж байсан талаараа багийн гишүүд онцолж байлаа. Түүнчлэн хилийн чанадад ийнхүү олон жилийн турш багийнхаа үндсэн бүрэлдэхүүнийхээ 60-70 хувийг хадгалж удаан тоглосон баг тун ховор юм байна.

“Дундговь” багийн амжилтаас товч дурдвал:

2018 оны Европын аваргын төлөөх “Белгийн цом”-ын тэмцээний мөнгөн медаль, 2015, 2017 оны Швед дэх Монголчуудын баяр наадмын алтан медаль, 2018, 2020, 2025 оны наадмын мөнгөн медаль, 2019, 2024 оны хүрэл медалийн эзэн баг юм.

Түүнчлэн 2016 болон 2017 оны Швед дэх шагайн харвааны “Оны шилдэг баг”-аар шалгарч байжээ.

Ингээд тус баг хамт олны зүгээс ойн баяртаа зориулан шагайн харваа зохион байгуулсан. Энэ тэмцээнд шагайн харвааны зургаа, нумт харвааны гурван баг оролцлоо.

Багийн харваанд Болд ахлагчтай “Аргай” баг гуравдугаар байр, Амаржаргал ахлагчтай “Дөл” баг хоёрдугаар байр харин тэргүүн байрын эздээр Идэр ахлагчтай “Сүлд” баг тодорчээ.

Харин хувийн цуваа харваанд нийт 60 харваач оролцсоноос гуравдугаар байрт “Гал” багийн Мөнхбат, хоёрдугаарт мөн “Гал” багийн Нармандах, тэргүүн байрт “Сүлд” багийн харваач Энхтүвшин тус тус шалгарсан байна.

Нийт шагай харваач болон ойн баяраа тэмдэглэж байгаа “Дундговь” багийнхандаа улам өндөр амжилтыг хүсээд та бүхний оноо мэргэн, хараа хурц, уухай цээл байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

МҮОНТВ, “Монголын мэдээ” сувгийн Скандинавын орнууд дахь тусгай сурвалжлагч Р. Хишиг-Алдар

Хуваалцах