“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
Мэдээллийн алба

Нийслэлийн Бизнес, инновацын газар нь БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, стартапын яам (MSS), Солонгосын Стартап, энтрепренершип хөгжлийн хүрээлэн (KISED)-тэй хамтран “Sprint-UB startup town” гарааны бизнесийн хурдасгуур хөтөлбөрийн нээлтийг зохион байгууллаа. Тус хөтөлбөр нь Монголын стартапуудын чадавхыг бэхжүүлэх, технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, олон улсын туршлага, мэргэжлийн зөвлөгөөний тусламжтайгаар бизнесийн өсөлт, хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлэх зорилготой. Сонгон шалгаруулалтаар дараах 10 стартап компани хөтөлбөрт хамрагдахаар шалгарлаа.
Үүнд:
UP Tech
Suriy Edtech
Oyu Intelligence
Linkly Platform
INMO Engineering
Inmo Recycling
Mevento
Chipmo
Rookie Systems
UGC Platform
Нээлтийн үеэр технологид суурилсан бизнес хөгжүүлэлт, дэлхийн стартапын экосистем болон зах зээлд нэвтрэх стратегийн талаар лекц зохион байгуулж, оролцогч компаниуд бизнес, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар танилцууллаа. Аравдугаар сарын 18-наас арваннэгдүгээр сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжлэх хөтөлбөрийн хүрээнд стартапууд бизнесийн загвар, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулах, зах зээлийн стратегиа тодорхойлох, хөрөнгө оруулалт татах бэлтгэлээ хангах чиглэлээр дэмжлэг авна.
Хөтөлбөрийн төгсгөлд буюу арваннэгдүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулагдах Demo Day арга хэмжээний үеэр оролцогчид хөрөнгө оруулагчдад бизнесээ танилцуулж, шилдэг стартапуудыг шалгаруулах юм. Энэхүү хөтөлбөр нь Монгол, БНСУ-ын инновацын хамтын ажиллагааг өргөжүүлж, Монголын гарааны бизнесүүдийн өрсөлдөх чадвар, хөгжлийн боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.


















