Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУлсын хэмжээнд АИ-92 бензиний 10, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна
1/3
Нийгэм

Ц.Батболд: Зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрэгтэйчүүд ч хөхний хорт хавдраар өвчилдөг

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 6 минут
Ц.Батболд: Зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрэгтэйчүүд ч хөхний хорт хавдраар өвчилдөг
Ц.Батболд: Зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрэгтэйчүүд ч хөхний хорт хавдраар өвчилдөг. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн аравдугаар сарыг дэлхий нийтээр хөхний хорт хавдартай тэмцэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээх сар болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд иргэдийн хөхний хорт хавдрын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сурталчлах ажлууд зохион байгуулдаг. Монгол Улсад ч мөн хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдахыг уриалах, оношилгоо, эмчилгээний тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Энэ талаар Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ц.Батболдтой ярилцлаа.

–Аравдугаар сарыг хөхний хорт хавдартай тэмцэх, урьдчилан сэргийлэх сар болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд Хавдар судлалын үндэсний төвөөс ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

–Хавдар судлалын үндэсний төв 2025 оны арваннэгдүгээр сард Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн албыг байгуулан ажиллаж байна. Тус алба нь зонхилон тохиолдох долоон төрлийн хорт хавдрын эрт илрүүлэг хийхээс гадна иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөгөө, зөвлөмж өгч ажилладаг.

Хөхний хавдраас урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээний тусламж, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хөхний төв 5-6 эмчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Мөн хөхний хэт авиан шинжилгээ, маммографи, генетикийн шинжилгээ, лабораторийн BRCA1, BRCA2 генийн өөрчлөлтийг тодорхойлох шинжилгээ хийж байна.

Манай эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд орон нутгийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран сургалт, судалгаа, шинжилгээний ажил зохион байгуулж, тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад онцгой анхаарч байгаа. Түүнчлэн Хойд бүсийн хавдрын дэд төвд Хавдар судлалын үндэсний төвийн хөхний эмч нар туслах багтайгаа хамтран мэс засал болон эрт илрүүлгийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Хөхний хорт хавдартай тэмцэх сарын хүрээнд эрдэм шинжилгээний хурал, сургалт зохион байгуулсан.

–Монгол Улсад хөхний хорт хавдрын өвчлөл ямар түвшинд байна вэ. Жилд шинээр хэдэн тохиолдол бүртгэгддэг вэ?

-Монгол Улсад жилд дунджаар хөхний хорт хавдрын 350–400 шинэ тохиолдол бүртгэгддэг гэсэн тооцоо бий. Энэ нь нийт хорт хавдрын өвчлөлийн зургаадугаарт, эмэгтэйчүүдийн хорт хавдрын өвчлөлийн дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг.

–Хөхний хорт хавдар ихэвчлэн хэдэн насныханд тохиолдож байна вэ?

–Хөхний хорт хавдар 45–50 насныханд зонхилон тохиолдож байна. Шинээр оношлогдож буй тохиолдлын 70 орчим хувь нь энэ насны эмэгтэйчүүдэд хамаарч байгаа. Монгол Улсад 50-аас доош насныхны дунд хөхний хорт хавдрын тохиолдол нэмэгдэж байгаа гэсэн тоон мэдээ бий. Ерөнхийдөө нас ахих тусам өвчлөх эрсдэл нэмэгддэг гэсэн үг. Гэхдээ сүүлийн жилүүдэд 30–40 насны эмэгтэйчүүдийн дунд ч өвчлөл бүртгэгдэж нэмэгдэх хандлагатай байна. Иймд 30-аас дээш насны эмэгтэйчүүд товлолт үзлэгт хамрагдаж байх шаардлагатай.

–Хөхний хорт хавдар үүсэхэд ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ?

–Хөхний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг хэд хэдэн эрсдэлт хүчин зүйл бий. Үүний нэг нь BRCA1, BRCA2 генийн эмгэг буюу эцэг эхээс удамшдаг ген. Энэ нь Энэ нь хөхний хавдрыг үүсгэдэг үндсэн шалтгаан.

Мөн дааврын хүчин зүйл, нөхөн үржихүйн түүх, амьдралын хэв маяг болон орчны зарим хүчин зүйл өвчлөх эрсдэлд нөлөөлж болно. Архи хэрэглэх, хөдөлгөөний идэвхгүй байх, илүүдэл жинтэй байх зэрэг нь эрсдэлт хүчин зүйлд хамаардаг.

Иймээс гэр бүлийн гишүүд, ойрын төрөл саданд хөхний болон өндгөвчний хорт хавдраар өвчилсөн хүн байгаа эсэхийг анхаарч, шаардлагатай тохиолдолд эмчид хандан удамшлын эрсдэлийн үнэлгээ хийлгэх нь чухал.

Мөн эмэгтэйчүүд хөхнийхөө хэвийн байдлыг мэддэг байж, өөрчлөлт гарсан эсэхийг анзаарах хэрэгтэй. Тухайлбал, хөхний хэлбэр, хэмжээ өөрчлөгдөх, тэмтрэгдэх зангилаа үүсэх, хөхний толгойноос хэвийн бус шингэн гарах, арьс татагдах зэрэг шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандах шаардлагатай.

Хөхний хорт хавдрыг эрт илрүүлэхэд нас, эрсдэлийн түвшинд тохирсон үзлэг, шинжилгээ чухал. Хөхний хэт авиан шинжилгээ болон маммографи нь эмчийн заалтаар, тухайн хүний нас, эрсдэл, эмнэлзүйн нөхцөлд тохируулан хийгддэг. Маммографи нь хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үндсэн дүрс оношилгооны аргуудын нэг юм.

Иргэд эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэж, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, архины хэрэглээг хязгаарлах, тамхинаас татгалзах, биеийн жингээ зохистой түвшинд хадгалахыг зөвлөж байна.

–Хүүхэд төрүүлсний дараа хөх чинэрэх, сүү хурахтай холбоотойгоор “горьдох” гэх ойлголт байдаг. Энэ нь хөхний хорт хавдар үүсэх шалтгаан болдог уу?

– “Горьдох” гэдэг нэршил олон нийтийн дунд түгээмэл хэрэглэгддэг. Гэхдээ горьдолтоос шалтгаалан хөхний хорт хавдар үүсдэг гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоо байхгүй.

Харин хөхний хорт хавдрын шинж тэмдгийг горьдолттой андуурч, эмнэлэгт хандах хугацаагаа хойшлуулах тохиолдол байдаг. Тэр бүү хэл горьдсон гээд уламжлалт болон домын аргыг хэрэглээд зүгээр болсонгүй гээд хүрсэнгүй гээд манайд ирсэн тохиолдол ч бий.

Тиймээс хөхний орчимд өвдөлт, хэвийн бус өөрчлөлт илрэх, тэмтрэгдэх зангилаа үүсэх зэрэг шинж тэмдэг ажиглагдвал мэргэжлийн эмчид заавал хандахыг зөвлөж байна. Хөхний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх тусам эмчилгээний үр дүн сайжирч, амьдралын чанарыг хадгалах боломж нэмэгддэг.

–Хөхний хорт хавдрыг бүрэн эмчлэх боломжтой юу?

–Хөхний хорт хавдар нь бусад олон хорт хавдрын адил үе шатаар ангилагддаг. Өвчнийг аль болох эрт илрүүлэх нь эмчилгээний үр дүнд чухал нөлөөтэй.

Хавдрыг эрт үе шатанд, тухайлбал I болон II үе шатанд нь оношилбол эмчилгээний үр дүн болон амдралын чанар нэмэгддэг. Хавдрын эмч нарын гол зорилго нь өвчнийг эрт илрүүлж, тухайн өвчтөнд тохирсон эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх явдал юм.

Иймээс хорт хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлтийн аян, үзлэг, шинжилгээг тогтмол зохион байгуулж байна. Манай улсын хувьд зарим иргэн өвчний шинж тэмдэг илэрсэн ч эмнэлэгт оройтож хандах, хавдар хүндэрсэн шатанд оношлогдох тохиолдол байдаг нь эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлдөг.

-Хөх гэдэг эрхтэн ганцхан эмэгтэй хүнд байдаггүй. Магадгүй эрэгтэй хүнд энэ оношоор оншлогдох тохиолдол байдаг уу. Тэр дундаа Монгол Улсын хувьд?

–Эрэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчлөх тохиолдол байдаг. Дэлхийн статистик мэдээллээр хөхний хорт хавдрын нийт тохиолдлын ойролцоогоор нэг хувийг эрэгтэйчүүд эзэлдэг гэж үздэг.

Хавдар судлалын үндэсний төвд эрэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчилсөн тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн. Энэ нь хувь хүний нууцтай холбоотой учраас тухайн өвчтөнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

Гэхдээ эрэгтэйчүүдийн хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдийнхээс харьцангуй ховор тохиолддог. Эрэгтэй хүний хөхний эдийн бүтэц, хэмжээ эмэгтэйчүүдийнхээс ялгаатай ч хорт хавдар үүсэх боломжтой. Эрэгтэйчүүдийн хувьд өвчлөл ихэвчлэн нас ахисан үед, ялангуяа 60-аас дээш насанд тохиолдох эрсдэлтэй.

Тиймээс эрэгтэйчүүд ч мөн хөхний орчимд зангилаа тэмтрэгдэх, хөхний толгой татагдах, арьс өөрчлөгдөх, хөхний толгойноос шингэн гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандах хэрэгтэй.

–Хүүхэд төрүүлээгүй эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл бий юу?

–Хүүхэд төрүүлээгүй байх нь хөхний хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн нэг. Гэхдээ зөвхөн хүүхэд төрүүлээгүй гэдгээр тухайн хүн заавал хөхний хорт хавдраар өвчилнө гэж ойлгож болохгүй.

Эмэгтэй хүний амьдралын туршид жирэмслэлт, хүүхэд хөхүүлэх, сарын тэмдгийн мөчлөг, цэвэршилт зэрэгтэй холбоотой дааврын өөрчлөлтүүд хөхний эдэд нөлөөлдөг. Өвчлөх эрсдэлийг үнэлэхдээ эдгээр хүчин зүйлээс гадна нас, удамшил, гэр бүлийн өвчний түүх болон бусад эрсдэлийг хамтад нь харгалзан үзэх шаардлагатай.

–Хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд иргэд юуг анхаарах хэрэгтэй вэ?

–Хавдраас урьдчилан сэргийлэх ажлыг ерөнхийд нь анхдагч болон хоёрдогч урьдчилан сэргийлэлт гэж ангилдаг.

Анхдагч урьдчилан сэргийлэлт нь өвчлөх эрсдэлийг бууруулахад чиглэнэ. Үүнд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, биеийн жингээ зохистой түвшинд хадгалах, архины хэрэглээг хязгаарлах, тамхинаас татгалзах зэрэг арга хэмжээ орно.

Харин хоёрдогч урьдчилан сэргийлэлт нь өвчнийг шинж тэмдэг илрэхээс өмнө буюу эрт үед нь илрүүлэхэд чиглэдэг. Үүний тулд нас, эрсдэлийн түвшинд тохирсон урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдах нь чухал.

Иргэд өөрийн эрүүл мэндэд анхаарч, хөхний хэвийн бус өөрчлөлтийг үл тоомсорлохгүй байх, шаардлагатай үед мэргэжлийн эмчид цаг алдалгүй хандах хэрэгтэй. Хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх нь эмчилгээний үр дүнг сайжруулж, амьдралын чанарыг хадгалах чухал нөхцөл юм.

Хуваалцах