Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
Мэдээллийн алба

Газар тариалангийн бүс нутгуудаар 10 дугаар сарын 15-16 өдрүүдэд орсон хур тунадас болон нойтон цасны улмаас үр тарианы 64.0 мянган га, малын тэжээл 27.0 мянган га, тосны ургамал 43.0 мянган га талбайн хураалтын ажил түр зогсоод байна. Аймаг, сумуудад ургац хураалтын тооцоо нийлүүлэх ажил хийгдэж байгаа бөгөөд ургац хураалтын урьдчилсан дүн 10 дугаар сарын 30-ны өдөр гарна.
Намрын ургацаас “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн 7 салбар агуулахад 427 тариаланч иргэн, аж ахуйн нэгжээс нийт 106.0 тонн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайг хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулж нөөц бүрдүүлээд байна.

Мөн намрын ургацын улаанбуудайн борлуулалт, хадгалалтыг дэмжих зорилгоор “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн эзэмшил бүхий элеваториас гурилын үйлдвэрүүдэд 4 байршилд 23.0 мянган тонн, тариаланч иргэн, аж ахуйн нэгжүүдэд 4.5 мянган тонн элеваторийг тус тус түрээсээр ашиглуулж байна.
Засгийн газраас хүн амын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн болох төмс, хүнсний ногооны хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж, улирлын чанартай хомсдол, үнийн огцом хэлбэлзлээс урьдчилан сэргийлэх, тогтворжуулах зорилгоор 4 төрлийн хүнсний ногооны нөөц бүрдүүлэх ажлыг “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК хариуцан ажиллаж байна.

Нөөцөд авах төмс хүнсний ногоо нь газар тариалангийн нэгдсэн системд бүртгэлтэй, гарал үүсэл нь тодорхой, Монгол орны хөрсөнд тарьж ургуулсан төмс, хүнсний ногоог тариаланчдын гар дээрээс худалдан авах ажлыг хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулан ажиллаж байна.
Улаанбаатар хотод 3 аж ахуйн нэгжийн 4,500 тонн, орон нутагт 2 аж ахуйн нэгжийн 7,500 тонн, нийт 12,000 тонн багтаамжтай, стандартын шаардлага хангасан, хөргүүр бүхий автомат системтэй агуулахуудад төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх ажлыг эхлүүлээд байна.


















