Засаглал, эрх зүйн хорооны хуралдаанаар зургаан асуудлыг хэлэлцэн дэмжлээ
Мэдээллийн алба

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Засаглал, эрх зүйн хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /2026.11.03/ болж, НИТХ-ын ээлжит IX хуралдаанаар хэлэлцүүлэх зургаан асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар НИТХ-ын 2024 оны 24/29 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт оруулах, “Багануур нүүрс-химийн үйлдвэр” ХХК байгуулах, “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, НИТХ-ын Хуралдааны дэгийг шинэчлэн батлах, шашны сүм хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацааг сунгах, Иргэний зөвлөлийн гишүүнийг нөхөн томилох тухай асуудлыг тус тус хэлэлцэв.

НИТХ-ын 2024 оны 24/29 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт оруулах асуудлыг Нийслэлийн Засаг даргын Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр танилцууллаа. Тогтоолд долоо хоног бүрийн тогтмол дугаарын хязгаарлалтаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын шийдвэрээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарласан хугацаатай уялдуулан дараа жилийн авто зам ашигласны төлбөрөөс хөнгөлөлт тооцох зохицуулалт тусгахаар санал боловсруулсан байна. Хорооны гишүүд уг саналыг хэлэлцэн дэмжлээ.

Шашны сүм хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Халтар танилцуулав. Тэрээр 2025 онд шашны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 12 өргөдөл, гомдол ирсэн бол 2026 онд энэ тоо гурав болж буурсныг мэдээлэв. Мөн энэ оны тавдугаар сарын 20-нд байгуулагдсан холбогдох ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудад хяналт тавин ажиллаж байгааг онцоллоо.
Шалгалтын үр дүнд долоон байгууллагын зөвшөөрлийн хугацааг сунгаж, зургаан байгууллагын үйл ажиллагааг зогсоосон байна. Ингээд хорооны хуралдаанаар хэлэлцсэн зургаан асуудлыг дэмжиж, НИТХ-ын ээлжит IX хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүллээ.


















