Автомашины татвараас 28 тэрбум төгрөгийг замын санд төвлөрүүлнэ
Энэ жилийн хувьд татвар, төлбөр хураалтаар нийслэлийн замын санд нийтдээ 28 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Мэдээллийн алба

Нийслэлийн төсвийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа.
Энэ жилийн хувьд татвар, төлбөр хураалтаар нийслэлийн замын санд нийтдээ 28 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Нийслэлийн замын санд төвлөрөх хөрөнгийг зам засвар, арчлалт, өргөтгөл шинэчлэлийн ажилд зарцуулдаг журамтай бөгөөд энэ жилийн хувьд нийслэлд 54.9 км замыг өргөтгөн шинэчилж, 40.4 км авто замыг шинээр барих бол 243.2 у/м гүүр, есөн байршилд гадаргуун ус зайлуулах шугам, автомашины нэг нүхэн гарц явган хүний хоёр гүүрэн гарц, байгалийн чулуун авто зам 1.84 км-ийг барих юм.
Эдгээр ажлын нийт төсөвт өртөг нь 73 тэрбум 130 сая төгрөг бөгөөд замын санд хуримтлах 28 тэрбум төгрөгөөр Нарны замаас Соёолжийн төмөр зам доогуур, Их Монгол Улсын замтай холбогдох 0.5 км авто зам, нүхэн гарц, Шарга морьтын амны 2.5 км авто замын шинэчлэлт, Чойдогийн гудамж, Улсын нийтийн номын сангийн уулзвараас нэгдүгээр эмнэлэг хүртэлх 0.54 км авто замын өргөтгөл, шинэчлэлт, Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлт зэрэг замын ажилд зарцуулах ажээ.


















