Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ч.Ганбат: Худалдан авах ажиллагааны албаны дэргэд олон нийтийн зөвлөл ажиллуулж байсан нь бидэнд сайн туршлага болсон

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Авлигатай Тэмцэх Газрын мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт 2016 оны 11 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд ажиллалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
Ч.Ганбат: Худалдан авах ажиллагааны албаны дэргэд олон нийтийн зөвлөл ажиллуулж байсан нь бидэнд сайн туршлага болсон
Ч.Ганбат: Худалдан авах ажиллагааны албаны дэргэд олон нийтийн зөвлөл ажиллуулж байсан нь бидэнд сайн туршлага болсон. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Авлигатай Тэмцэх Газрын мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт 2016 оны 11 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд ажиллалаа. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн үр дүнг танилцуулж, аймгийн ГХУСАЗСЗ-ийн дэргэдэх Олон нийтийн дэд зөвлөл байгуулах чиглэлээр сургалт, сурталчилгааг бүх шатны түвшинд зохион байгуулж, авлигатай хэрхэн тэмцэх талаар хувийн хэвшлийнхний дунд хэлэлцүүлэг явуулан, иргэдийн санал, гомдлыг авч ажилласан. Үүнтэй холбогдуулан Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбаттай ярилцав.

- Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг энэ өдрүүдэд Дорнод аймагт ажиллаж байна. Ажлын үр дүн, ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?

- Ажлын хэсэг аймгийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулсан. Мөн аймгийн удирдах ажилтнууд болон эрх бүхий албан тушаалтнууд, шинээр төрийн албанд орсон хуулийн үйлчлэлд хамаарах ажилтнуудад зориулсан ашиг сонирхлын зөрчил болон авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулан УИХ-аас баталсан Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийн талаар танилцуулга мэдээлэл болон хэлэлцүүлгийг зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа нь маш үр дүнтэй, цаг үеэ олсон ажил байна гэж миний хувьд дүгнэж байна. Учир нь төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтнууд болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, авлига ашиг сонирхлын зөрчлийн эсрэг нэгдсэн ойлголттой болж байгаа нь энэ арга хэмжээний үр дүн гэж харж байна. Мөн хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах хуулийн хугацаа болж байгаатай холбогдуулж энэ арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа нь үр дүнтэй бөгөөд бидний зүгээс талархалтай хүлээн авч байна.

- Дорнод аймагт авлигатай тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа онцлог шинэлэг ажлууд юу байна вэ?

- Манай аймгийн хувьд жил болгон авлигын эсрэг үйл ажиллагаагаа төлөвлөж хэрэгжүүлэн ажилладаг. Аймгийн Засаг даргын Тамгын газрын зүгээс сум агентлагуудад үйл ажиллагааны болон төсөв санхүү, хүний нөөцийн ил тод байдлыг ханган авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд төрийн албан хаагчдын манлайллыг нэмэгдүүлэхэд онцгой анхааран, энэ чиглэлээр төрийн байгууллагуудад тогтмол чиглэл өгч, манай байгууллагууд ч энэ чиглэлээрх үйл ажиллагааны хэрэгжилтийг ханган ажиллаж хэвшсэн. Аймаг орон нутгийн хувьд авлигатай тэмцэх урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнөөс гадна аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсээс сургалт сурталчилгаа, мэдээллийн ажлын төлөвлөгөөг гарган иргэд олон нийт рүү чиглэсэн авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх мэдээллийн ажлыг тогтмол хийж ажиллаж байна. Дараагийн нэг томоохон хийж хэрэгжүүлж байгаа ажил нь авлигын эсрэг төрийн бус байгууллагын сүлжээг байгуулсан. Мөн сумдын болон агентлаг, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийж, зөвлөн туслах ажлын удирдамж төлөвлөгөөг аймгийн Засаг даргаар батлуулан авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сумдын болон төсөвт байгууллагуудын үйл ажиллагааг шалган, санал зөвлөмжийг тухай бүр өгч үр дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаараа хэлэлцүүлэн тодорхой заавар зөвлөмж, чиглэлийг хүргүүлэн ажилладаг. Төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, түргэн шуурхай болгох ажлын хүрээнд “Нэг цэгийн үйлчилгээ”, “Иргэд хүлээн авах төв”, “Нээлттэй утас-70582233” болон цахим сайтуудыг ажиллуулах гэх мэт үр дүнтэй ажлууд хийгдсээр байна.

- Аймгийн ГХУСАЗСЗ-ийн дэргэдэх Олон нийтийн дэд зөвлөл байгуулах асуудлыг та хэрхэн хүлээж авч байна вэ?

- Монгол улсын Их Хурлаас 2016 оны 11 дүгээр сард баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болоод МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ажлын хүрээнд аймгийн ГХУСАЗСЗ-ийн дэргэд Олон нийтийн дэд зөвлөл байгуулах асуудлыг дэмжиж байна. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх чиглэлээр манай аймгийн хувьд тэргүүн туршлагатай аймаг. Миний бие өмнө нь Худалдан авах ажиллагааны албанд ажиллаж байхдаа бид бүхэн үйл ажиллагааныхаа ил тод байдал, төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахад иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх зорилгоор Худалдан авах ажиллагааны албаны дэргэд 15 хүний бүрэлдэхүүнтэй олон нийтийн зөвлөл ажиллуулж байсан. Энэ ажил маань салбартаа шинэлэг, тэргүүн туршлага болоод зохион байгуулсан ажлын талаар олон улсын хуралд танилцуулга мэдээлэл хийж байсан сайн туршлага бий. Тэгэхээр энэ чиглэлээр манай аймаг туршлагатай гэж ойлгож болно. Мөн бид төрийн үйл ажиллагаанд иргэд олон нийтийн хяналтыг сайжруулах зорилгоор Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 2 жил тутам иргэд болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан хөндлөнгийн хяналт шинжилгээ үнэлгээний багаар үнэлгээ хийлгүүлэн ажилладаг. Тиймээс энэ иргэний дэд зөвлөлийн асуудлыг дэмжиж, талархалтай хүлээн авч байна. Ер нь цаашдаа Засгийн газрын 2017 оны төсөв санхүүд холбогдох чиг үүргийн байгууллагууд санал оруулан хөрөнгө санхүүг нь шийдвэрлүүлбэл зохимжтой гэж үзэж байна. Цаашлаад Засгийн газар нэгдсэн журмаар аймгуудад чиглэл өгч төсөв санхүүг нь шийдвэл олон нийтийн дэд зөвлөл үр өгөөжөө өгч, улам тогтвортой үргэлжлэх нөхцөл бүрдэнэ гэж харж байна.

Б.Отгонбавуу

Хуваалцах