Дархан -Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт авто зам, зогсоолын бүтээн байгуулалт хийгджээ
Мэдээллийн алба

Дархан-Уул аймгийн Дархан сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Түвшинхолбоо” өрхийн эрүүл мэндийн төв болон Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн орчимд хатуу хучилттай авто зам, авто зогсоол, явган хүний зам барих ажлыг “Өнөр зам” ХХК гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгчээ.
Тус ажлын хүрээнд 233 метр урт, нийт 3,251 м² талбай бүхий хатуу хучилттай авто зам, 60 автомашины багтаамжтай авто зогсоол, явган хүний зам байгуулж, сургуулийн орчимд хурд сааруулагч суурилуулан, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Ингэснээр тухайн орчмын авто замын хүртээмж, авто зогсоолын хүрэлцээ сайжирч, явган зорчигчдын зорчих орчин нөхцөл дээшлэхийн зэрэгцээ сургууль, өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж буй иргэд, хүүхэд багачуудын аюулгүй, ая тухтай зорчих боломж нэмэгджээ.


















