Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Долоо хоног бүр шалгалт авч, бага үнэлгээтэй офицер, ахлагч нарыг нэгтгэл, анги руу нь буцаана

Сургалтад Хуурай замын цэргийн командлал болон харьяа нэгтгэл, ангийн 40 орчим офицер, ахлагч хамрагдаж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургалтын төвийн хөтөлбөрөөр хичээл явагдах юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Долоо хоног бүр шалгалт авч, бага үнэлгээтэй офицер, ахлагч нарыг нэгтгэл, анги руу нь буцаана
Долоо хоног бүр шалгалт авч, бага үнэлгээтэй офицер, ахлагч нарыг нэгтгэл, анги руу нь буцаана. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн Хуурай замын цэргийн командлал хамтын ажиллагааны хүрээнд англи хэлний сургалтын төвүүд шинээр байгуулагдаад байгаа билээ. Энэ нь АНУ-ын талаас англи хэлний сургалтад ашиглагдах тоног төхөөрөмжийг өгсний дагуу ХЗЦК болон Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид тус төвүүдийг тоноглон байгуулаад байгаа юм. Тэгвэл Хуурай замын цэргийн командлалд 1 дүгээр сарын 10-ны өдөр хичээлийн нээлт болж, Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр суралцагчдад амжилт хүслээ. Сургалтад Хуурай замын цэргийн командлал болон харьяа нэгтгэл, ангийн 40 орчим офицер, ахлагч хамрагдаж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургалтын төвийн хөтөлбөрөөр хичээл явагдах юм.

Бригадын генерал Л.Онцгойбаяр “Юуны өмнө сургалтад хамрагдаж буй офицер, ахлагч нартаа баяр хүргэе. Нэгтгэл, ангиасаа шигшигдэж ирсэн, сурч мэдэхийн төлөөх туйлын хүсэлтэй залуус байгаа гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр та бидний суралцах гэж байгаа энэ төвүүдийг байгуулахын төлөө Хуурай замын цэргийн командлал болоод Зэвсэгт хүчний Жанжин штаб гурван жилийнхээ хөдөлмөрийг зарцуулсан байна. Одоо харин та бүхэн сурсан шиг сурах ёстой. Долоо хоног бүрийн төгсгөлд шалгалт авч, бага үнэлгээтэй офицер, ахлагч нараа нэгтгэл, анги руу буцаана. Сайн сурч чадвал та нарыг сайхан ирээдүй хүлээж байна” гээд командлал болоод Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн дотоод журмыг баримталж, аюулгүй байдлаа алхам тутамдаа сахиж байхыг санууллаа. Үүний дараа Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр, тус командлалын Цэргийн сургалт, соёл хүмүүжлийн хэлтсийн дарга, хурандаа Т.Тогмиддүүмий нар суралцагчдад анхаарах асуудлыг танилцуулж, энэ төвүүдийн цаашдын зам мөр, үйл ажиллагаа та бүхний идэвх, чармайлт, зүтгэлээс ихээхэн хамаарна гэдгийг онцоллоо. Мөн сургалтын төвүүд нь сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан нь гол давуу чанар гэж байв гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.

Хуваалцах