Флоридад осолдсон онгоц агаарт задарсан байж болзошгүй
Мэдээллийн алба

АНУ-ын Флорида мужид осолдож, есөн хүний аминд хүрсэн Learjet 60 хувийн онгоц газарт унахаасаа өмнө агаарт хэсэгчлэн задарсан байж болзошгүйг мөрдөгчид тогтоожээ. Онгоцны сүүлний удирдлагын хэсгүүд ослын цэгээс 2-6 километрийн зайд хэд хэдэн газраас олдсон байна.
Онгоц арваннэгдүгээр сарын 1-нд Техасын Остин хотоос Багамын арлуудыг зорин нисэж байхдаа Флоридагийн Палм-Бич тойргийн суурьшлын бүсэд унасан юм. Онгоцонд явсан хоёр нисгэгч, долоон зорчигч бүгд амиа алджээ.
Нислэгийн сүүлийн минутуудад багийнхан мөстөлт, хүчтэй донсолгоо, хур тунадастай тулгарснаа нислэгийн удирдлагад мэдээлж, удалгүй ослын дохио өгсөн байна. Онгоц маш богино хугацаанд огцом өндрөө алдаж, улмаар замын ойролцоо унажээ.
АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй бөгөөд цаг агаарын нөхцөл, онгоцны бүтцийн гэмтэл болон багийн үйлдлийг зэрэг шалгаж байна.
Мөрдөгчид сүүлний хэсэг агаарт яагаад салсныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан тайланг ойролцоогоор нэг сарын дараа гаргахаар төлөвлөжээ.


















